Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-03-28 11:04:38

БРЮССЕЛЬ, 2024 оны гуравдугаар сарын 28 /VOA/. Европын Холбооны /ЕХ/ орнуудын Элчин сайд нар Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлохыг "Украиныг дэмжих ба ЕХ-ны хөдөө аж ахуйн зах зээлийг хамгаалах хоорондын тэнцвэрийг хангах зарчмаар" сунгах зөвшилцөлд хүрчээ. 


Тохиролцоог нэн даруй хэрэгжүүлэхийн тулд Европын парламентаар батлуулахаар илгээнэ гэж тус холбоог даргалж буй Бельгийн эрх баригчид мэдэгдсэн байна. 


ЕХ уг асуудлаар өнгөрсөн долоо хоногт урьдчилан тохиролцсон боловч Франц, Польш улсууд тогтоосон хязгаарлалтууд хангалттай хэмжээнд хэрэгжээгүй гэж мэдэгдээд, Европын хөдөө аж ахуйн зах зээлийг тогтворгүйжүүлэхээс сэргийлэхийн тулд нэмэлт хязгаарлалт хийхийг шаарджээ.


Шинэ тохиролцооны агуулгын талаар мэдээлэл бүхий дипломатчийн хэлснээр, энэ удаагийн тохиролцоо нь өнгөрсөн долоо хоногт боловсруулсан баримт бичгийн эхтэй төстэй боловч зарим хүнсний бүтээгдэхүүнд татвар ногдуулах хугацааг тодорхойлох анхдагч хугацааг өөрчилсөн байна. "Анхны тохиролцоонд импортын хэмжээ 2022, 2023 оны дунджаас давсан тохиолдолд шувууны мах, өндөг, элсэн чихэр, овьёос, эрдэнэ шиш, үр тариа, зөгийн балын импортод татвар ногдуулна гэж заасан байсан. Харин шинэ тохиролцоо ёсоор 2021 оны хоёрдугаар хагасыг хамруулан анхны хугацааг сунгаж байна" гэж дипломатч хэллээ. Шинэ журамд хамаарах бүтээгдэхүүний жагсаалтад ямар нэгэн бүтээгдэхүүн нэмэгдээгүй байна.

Related news