Дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-03-21 10:42:35

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр”. ЮНЕСКО-гоос жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг “Дэлхийн яруу найргийн өдөр” хэмээн зарлан тунхагласнаас хойш энэ өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байна.


Энэхүү баярын зорилго нь яруу найргийн гоо сайхныг хүмүүст ойлгуулах, яруу найрагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, залуу яруу найрагчдад уран бүтээл туурвих боломж олгоход чиглэж ирсэн байдаг. Түүнчлэн яруу найргаар дамжуулан аливаа хэл соёлын олон талын хөгжлийг дэмжих, устаж буй хэлийг таниулан дэлгэрүүлэх нь Дэлхийн яруу найргийн өдрийн бас нэгэн агуулга, зорилго оршдог байна. Энэ өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос Дэлхийн яруу найргийн өдөр болгон зарлахаас өмнө аравдугаар 15-ны өдөр тэмдэглэдэг байжээ. Тодруулбал, Америкийн яруу найрагч Тесса Уэбб 1938 онд яруу найргийн өдрийг тэмдэглэдэг болох санаачилга гаргаж, эртний Ромын яруу найрагч Виргилийн төрсөн өдрийг Яруу найргийн өдөр хэмээн тогтоогоод Охайо мужид жил бүр тэмдэглэдэг байсан түүх бий.  


2015 оны Дэлхийн яруу найргийн өдөр тухайн үеийн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова, “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрөлхтөний дуу хоолой юм” хэмээн хэлсэн байдаг. Утга зохиол шүүмжлэгчид үүнийг яруу найраг бол утга зохиолын үзэл бодлыг илэрхийлэгч гол дуу хоолой гэж үзлээ хэмээн онцолдог.


Дэлхийн улс орнуудад энэ өдөр дунд сургуулийн сурагчдад яруу найраг, уран зохиолын хичээлийг гүнзгийрүүлэн заахын зэрэгцээ яруу найрагчид өөрийн бүтээлүүдээ уншиж танилцуулах төрөл бүрийн өдөрлөг зохион байгуулдаг байна. Манайд ч мөн яруу найргийн ном бүтээлүүдийн нээлт, уран бүтээлчдийн уулзалт зэргийг өргөн тэмдэглэх болсон.


ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт шүлэг яруу найргийн баримтат өвүүдийг бүртгэн авч хадгалдаг бол хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад мөн шүлэг яруу найргийг бүртгэдэг. Ховордсон өвийг хадгалж хамгаалах, тэдгээрийг ашиглах боломжийг олон нийтэд олгох зорилготой “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт Монгол Улсаас “Сахиусан дара эх” судар, “Мэргэд гарахын орон” судрын модон бар бүтээл багтсан байдаг.



******

МЭӨ ХХIII зуунд Эртний Аккадын хатан хаан Эн-Хеду-Анагийн туурвисан Бурхны тухай найргийг хамгийн эртний шүлэг хэмээн үздэг.

******

“Pen International” олон улсын нийгэмлэгээс энэ өдрийг зохиолч, яруу найрагчид болон сэтгүүлчдийн эсрэг дарамт, хүчирхийлэл, эрх чөлөөг хязгаарлахтай тэмцэх өдөр болгон зарласан.

******

Дэлхийн яруу найргийн өдрөөр Австри Улсын “Julius Meinl” кофены компани олон улс дахь 1000 гаруй салбартаа шүлгээр кофеныхоо тооцоог хийх боломж олгодог байна.


Related news