“БАФТА” наадмын шилдгүүд тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-02-19 10:41:17

ЛОНДОН, 2024 оны хоёрдугаар сарын 19 /BBC/. Их Британийн кино, телевизийн урлагийн академийн “БАФТА” кино наадмын гол шагналуудыг “Oppenheimer” уран сайхны кино хүртэж, жүжигчин Киллиан Мерфи, Роберт Дауни, найруулагч Кристофер Нолан нар тус тус нэр дэвшсэн төрөлдөө шалгарлаа. 


Тодруулбал, Ирландын жүжигчин К.Мерфи “атомын бөмбөгийн эцэг” гэгддэг Роберт Оппенхеймерийн дүрээр “Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн бол Америкийн жүжигчин Р.Дауни “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр тодорчээ. Улмаар тус кино  “Шилдэг кино” зэрэг нийт долоон шагналыг хүртсэн байна.



Poor Things” киноны хувьд таван шагнал хүртсэнийг дурдвал, Америкийн жүжигчин Эмма Стоун “Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” боллоо. Харин “Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг Америкийн жүжигчин Да’Вайн Жой Рэндольф “The Holdovers” кинонд бүтээсэн дүрээрээ хүртлээ.



Хэдийгээр “Оскар” болон “БАФТА”-гийн наадмын сонгон шалгаруулагчдын санал нийлэх нь ховор байдаг боловч “Oppenheimer” кино болон дээр дурдагдсан жүжигчид “БАФТА-2024” наадмаас хүртсэн шагналаа “Оскар”-ын наадмын үеэр бататгах магадлал өндөр байна. Энэ жилийн “Оскар”-ын наадам гурван долоо хоногийн дараа болох юм. 


Oppenheimer” киноны дүрээрээ анхны “БАФТА” шагналаа хүртсэн К.Мерфи уг кинонд хамтран ажилласан багийнхандаа талархал илэрхийлжээ. Британи-Америк гаралтай найруулагч К.Ноланы хувьд мөн “БАФТА” шагналыг анх удаа хүртэж буй юм. Харин Р.Дауни 1993 онд “Chaplin” киногоороо “БАФТА”-гийн цомыг хүртсэнээсээ хойш 31 жилийн дараа энэ шагналыг гардан авчээ. 



“БАФТА-2024” наадмын шилдэг кинонуудыг дурдвал, “Oppenheimer7 шагнал, “Poor Things5 шагнал, “The Zone of Interest3 шагнал, “The Holdovers” 2 шагналыг тус тус хүртсэн байна. Харин Японы найруулагч Хаяо Миязакигийн “The Boy and the Heron” кино нь “Шилдэг анимейшн” төрөлд шалгарсан Японы анхны уран бүтээл боллоо.

Related news