2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолт АНУ-д болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-02-05 10:21:57

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 5 /CBS/. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шувтаргын тоглолт АНУ-ын Нью-Йорк/Нью-Жерсигийн MetLife цэнгэлдэх хүрээлэнд долоодугаар сарын 19-ний өдөр болно гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ ням гарагт мэдэгдлээ.


“ФИФА-гийн 2026 оны ДАШТ-ий цомыг Нью-Йорк/Нью-Жерсид өргөх болно! Энэхүү тэмцээний шувтаргын тоглолт 2026 оны долоодугаар сарын 19-нд MetLife цэнгэлдэх хүрээлэнд болно!” гэж ФИФА X хуудсандаа нийтэлсэн байна.


Нийт 82 500 хүний суудалтай MetLife цэнгэлдэх хүрээлэн бол Үндэсний хөл бөмбөгийн лигийн Нью-Йорк Жетс, Жайентс багуудын эзэмшлийнх бөгөөд 2016 оны Copa America хөл бөмбөгийн тэмцээний шувтаргын тоглолт болж, Чилийн шигшээ баг аргентинчуудыг хожиж байлаа.


ФИФА 39 хоног үргэлжлэх ДАШТ-ий нээлтийн тэмцээнийг зургаадугаар сарын 11-ний өдөр Мехико хотын Estadio Azteca цэнгэлдэх хүрээлэнд явуулахаар хуваарилсан бол хүрэл медалийн төлөөх тоглолт Флоридагийн Hard Rock цэнгэлдэх хүрээлэнд болох ажээ.


Хөл бөмбөгийн 23 дахь удаагийн ДАШТ нь гурван улсыг дамнан зохион байгуулагдах анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой бөгөөд Канад, Мексик, АНУ гэсэн гурван улсад болох юм.


Түүхэндээ анх удаа 48 орны шигшээ багууд хурд хүчээ сорих энэхүү тэмцээний тоглолтууд АНУ-ын Нью-Йорк, Даллас, Майами, Канзас, Хьюстон, Атланта, Лос-Анжелес, Филадельфи, Сиэтл, Сан-Франциско, Бостон зэрэг хотуудын 16 цэнгэлдэх хүрээлэнгээс гадна Мексикийн Монтеррей, Гвадалахара, Мехико, мөн Канадын Ванкувер, Торонто хотуудад болно.

Related news