Италийн холимог хос US Open-д дараалан түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар
сарын 21. /ТАСС/. Нью-Йорк хотноо болж буй АНУ-ын Нээлттэй тэмцээний /US Open/ холимог
хосын төрөлд Италийн Сара Эррани, Андреа Вавассори нар аваргаллаа.
Финалын тоглолтод италичууд Польшийн Ига Свёнтек, Норвегийн Каспер Рүүд нарын хосыг 6:3, 5:7, 10:6 харьцаагаар хожсон бол шөвгийн наймд Оросын А.Рублев, Чехийн Каролина Мухова нарын хосыг 4:1, 5:4 (7:4) харьцаагаар хожсон байна. Ийнхүү Италийн холимог хосын тамирчид хоёр дараалан US Open-нд түрүүллээ.
Энэ оны тэмцээнийг зохион байгуулагчид холимог хосын тоглолтыг илүү сонирхолтой болгохын тулд ганцаарчилсан төрөлд тэргүүлж буй теннисчдийг оролцуулахаар урьсан байна. Харин Италийн хос бол уг төрөлд дагнан тоглосоор ирсэн теннисчид бөгөөд тэмцээний форматыг өөрчлөх гэсэн зохион байгуулагчдын шийдвэрийг шүүмжилжээ.
Өдгөө 38 настай Сара Эррани Их дуулгын
тэмцээний хосын төрөлд 6 удаа, холимог хосын төрөлд 3 удаа түрүүлжээ. Мөн 2024
онд хосын төрөлд Жасмин Паолинигийн хамтаар Олимпын аварга болсон байна.
Өдгөө 30 настай Вавассори Их
дуулгын тэмцээний холимог хосын төрөлд 3 удаа Эрранигийн хамт түрүүлжээ.
US Open бол Их дуулгын улирлын
хамгийн сүүлчийн 4 дэх тэмцээн юм. Хатуу хучилттай талбайд болдог тус тэмцээний
шагналын сан нь теннисний спортод хамгийн өндөр буюу 90 сая доллар ажээ. 16 хос оролцсон холимог хосын төрөлд аваргалсан тамирчид 1 сая доллар, финалд тоглосон
теннисчид 400 мянган долларын мөнгөн шагнал авдаг байна.
Өнөөдөр орой US Open-ы үндсэн
тэмцээний сугалаа явагдаж, 24-ний өдөр эхний тойргийн тоглолтууд эхэлнэ.
Өнгөрсөн оны тэмцээний аваргууд бол дэлхийн чансааг тэргүүлж буй Италийн
Я.Синнер, Беларусийн А.Соболенко нар юм.