Л.Месси “Интер Майами”-тай гэрээгээ сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-10-24 12:31:50

МАЙАМИ, 2025 оны аравдугаар сарын 24 /AP/. Аргентины алдарт хөлбөмбөгчин Лионел Месси “Интер Майами” клубтэй байгуулсан гэрээгээ 41 насны төрсөн өдөр хүртлээ сунгахаар тохиролцсон гэж тус клубээс пүрэв гарагт мэдэгджээ.


Тодруулбал, өмнөх гэрээ нь 12 дугаар сард дуусах ёстой байсан 38 настай тоглогч 2028 оны эцэс хүртэл үргэлжлэх гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн байна.


“Бидний зорилго бол шилдэг тоглогчдыг “Интер Майами”-д болон хотдоо авчрах явдал бөгөөд үүнийгээ ч хийж байна. Түүний хувьд өмнөх шигээ тууштай хэвээр байгаагаас гадна ялахыг хүсэж байгаа” гэж тус клубийг хамтран эзэмшигч Дэвид Бекхэм мэдэгджээ.


Л.Месси 2023 онд тус клубт нэгдсэнээсээ хойш нийт 82 тоглолтод 71 гоол оруулж, 37 оновчтой дамжуулалт өгч, “Майами”-г 2023 оны “Leagues Cup”, 2024 оны “Supporters' Shield” тэмцээнд аваргалахад хувь нэмрээ оруулсан билээ.


Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Аргентины шигшээ багийн тоглогч тэрбээр MLS лигийн энэ жилийн “Алтан шаахай” шагналыг 29 гоол оруулсан амжилтаар хүртсэн бөгөөд лигийн үнэ цэнтэй тоглогч шагналд нэр дэвшсэн таван тоглогчийн нэг юм.


“Лео өөрийн ирээдүйгээ “Интер Майами”-д зориулж буй нь бидний энд бүтээж буй зүйлд итгэж байгааг нь харуулж байна. Тэрбээр манай улсын тоглолтын өнгө төрхийг өөрчилсөн бөгөөд түүнийг манай клубийг удирдан чиглүүлж байгаагаар маш их бахархаж байна” гэж Д.Бекхэм нэмж хэлжээ.

Related news