Мария Шарапова Алдрын танхимын гишүүн боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-24 13:52:22

НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 24. /ТАСС/. Их дуулгын тэмцээний 5 удаагийн аварга, Оросын теннисчин Мария Шараповагийн нэрийг Олон улсын теннисний Алдрын танхимд мөнхөллөө.


Ёслолын ажиллагаа АНУ-ын Род-Айленд муж улсын Ньюпорт хотноо бямба гарагт болж, Шараповаг “Алдрын танхим”-д бүртгэснийг Их дуулгын тэмцээний 23 удаагийн аварга, Америкийн теннисчин Серена Уильямс зарлан мэдэгджээ.

Мөн “Алдрын танхим”-д Америкийн теннисчид болох ах дүү Майк Брайан, Боб Брайан нарыг бүртгэн авсан байна.


Өдгөө 38 настай М.Шарапова 2020 онд тамирчны замналаа албан ёсоор дуусгасан юм. Лондоны Олимпын мөнгөн медальт тэрбээр Эмэгтэй теннисчдийн холбооны Улирлын сүүлчийн тэмцээнд /2004 он/ түрүүлж, Оросын шигшээгийн бүрэлдэхүүнд Холбооны цомыг /2008 он/ хүртэж байв.


Ганцаарчилсан төрөлд Шарапова 36 удаа түрүүлжээ. Тухайлбал, Францын Нээлттэй тэмцээнд /2012, 2014/ хоёр удаа, Уимблдон /2004/, АНУ-ын Нээлттэй тэмцээн /2006/, Австралийн Нээлттэй тэмцээнд /2008/ тус бүр нэг удаа түрүүлж байв.  

М.Шарапова 2012 оны Лондоны Олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр ОХУ-ын төрийн далбааг барьж жагссан бөгөөд энэ бол зуны Олимпын үеэр эмэгтэй хүн Оросын тугийг барьж жагссан анхны тохиолдол байлаа.


Олон улсын теннисний Алдрын танхим 1954 онд байгуулагдсан бөгөөд Оросын теннисчдээс Марат Сафин /2016/, Евгений Кафельников /2019/ нар нэрээ мөнхөлсөн юм.   

Related news