ДУНДГОВЬ: Засаг даргын үйл ажиллагаа, бодлогын хэрэгжилтэд хөндлөнгийнн үнэлгээ хийлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-26 17:42:13
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн болон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, салбаруудын үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын үйлчилгээн дэх иргэдийн сэтгэл ханамжийг тодорхойлох зорилгоор тус аймгийн ЗДТГ-аас хөндлөнгийн үнэлгээ хийлгэжээ.


Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлсноор төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа сайжруулах, иргэдээс гарсан саналд тулгуурлан төлөвлөлт хийх, тэдний хэрэгцээг мэдэрч, ажлуудаа зохион байгуулах ач холбогдолтой юм.


Судалгаанд 15 сумаас төрийн үйлчилгээ, ТББ, хувийн хэвшил, малчин, оюутан гээд салбар салбарын төлөөлөл, нас насны ангиллын 1000 гаруй иргэн хамрагдаж, Засаг даргын үйл ажиллагаа, бодлогын хэрэгжилт, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, бизнесийн орчин, хүнс хөдөө аж ахуй, ажил эрхлэлт, халамж, аюулгүй байдал, хуулийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ өгчээ.


Үнэлгээг 1-5 хүртэлх оноогоор үнэлүүлэхэд судалгаанд оролцсон иргэд Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, бодлогын хэрэгжилт, үр дүнг “3.50”, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг “3.13”, боловсролын салбарын үйл ажиллагааг “3,18”, татвар, бизнесийн орчныг “3.11”, хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг “3,04”, ажил эрхлэлт, халамжийн үйлчилгээг “2.95”, хуулийн салбарын үйл ажиллагааг “2.91” гэж үнэлжээ.


Судалгааны дүнгээс харахад иргэд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан хүний нөөцийг хөгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг сайжруулах, биеийн тамир спорт болон аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа болон цахим төрийн үйлчилгээнд сэтгэл ханамж өндөр байсан төдийгүй, сүүлийн жилүүдэд Дундговь аймгийн хөгжлийн бодлого зөв тодорхойлогдож байгааг онцолсон байна.


Гэхдээ цаашид төрийн албан хаагчдын харилцаа, ёс зүй, хариуцлага, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа болон эрүүл мэнд, боловсрол, халамж, татвар, хуулийн зарим үйлчилгээг сайжруулах, иргэдийн боловсролыг дээшлүүлэх замаар оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Related news