БАЯН-ӨЛГИЙ: Зэрлэг амьтдын байршил нутгуудад өвс, давс тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-24 12:06:26

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ихэнх нутгаар өвөлжилт хүндэрсэн тул Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаанаас зэрлэг амьтдад зориулж өвс, давс тавих ажлыг зохион байгууллаа.


Тодруулж хэлбэл, тус газрын удирдлага, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар өнгөрсөн өдрүүдэд Алтай Таван Богдын байгалийн цогцолбор газрын Шивээт хайрхан, Талдагийн их уул, Мухар, Сийлхэмийн нурууны байгалийн цогцолбор газрын "А", "Б" хэсэг, түүний орчны бүс болох Хүрэнхайрхан, Хармагнай орчимд нутагладаг аргаль хонь, янгир ямаа, халиун буга зэрэг амьтдын идэш тэжээл, амьдрах орчныг тэтгэх зорилгоор 8 цэгт 260 боодол өвс, 9 тонн давс тавьж биотехникийн арга хэмжээ авав.


Зэрлэг амьтдад тавьсан өвсийг тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцаж буй аж ахуйн нэгжүүд шийдвэрлэж өгсөн байна.


Албаны хүний өгсөн мэдээллээр дээрх нутгуудад 2400 гаруй толгой аргаль хонь, янгир ямаа, 250-300 толгой халиун буга нутаглаж байгаа. Одоогийн байдлаар ихэнх газар цастай байгаа тул амьтдын тарга хүч тааруу, тодорхой хэмжээгээр хорогдол ч гарч байгаа ажээ.  

Related news