Apple компани шинэ M3 чип бүхий iMac-ыг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-10-31 20:03:37

КУПЕРТИНО, 2023 оны аравдугаар сарын 31 /apple/. Америкийн Apple компани даваа гарагт зохион байгуулсан “Scary Fast” арга хэмжээнийхээ үеэр шинэ үеийн M3 чипүүд болон iMac компьютерын шинэ хурдтай загварыг танилцууллаа.


M3, M3 Pro ба M3 Max процессорууд нь 3 нанометрийн технологийг ашиглан бүтээсэн, суурин компьютерүүдэд зориулагдсан  дэлхийн анхны чипүүд юм. Шинэ график процессорууд нь “динамик кэш” шинэ технологитой ба Mac компьютерүүд анх удаа видео тоглоомын графикийг бүрэн бодитой, чанартай хөдөлгөөнт дүрслэлээр харуулдаг “Ray Tracing”, “Mesh Shading” шинэ функцүүдтэй, стриминг үйлчилгээнүүдээс илүү өндөр чанарын видео тоглуулах боломжийг олгох AV1 код тайлагчтай болжээ. 


Мөн 128 ГБ хүртэлх санах ойтой бөгөөд хиймэл оюун ухаан, машин сургалтын программуудтай ажиллахад илүү дөхөм болсон байна. Түүнчлэн компьютерүүдийн хүчин чадал, хурд нэмэгдсэнээс гадна, эрчим хүчийг илүү хэмнэлттэй зарцуулах юм.


M3 процессортой Apple-ын анхны төхөөрөмж бол 4.5К нягтралтай, 500 нит гэрэлтэй 24 инчийн Retina дэлгэц бүхий iMac юм. Шинэ компьютер нь iMac-ийн хамгийн их хүчин чадалтай, хурдтай, 21.5 инчийн дэлгэцтэй загвараас дөрөв дахин, хамгийн сайн борлуулалттай 27 инчийн iMac-аас 2.5 дахин илүү гүйцэтгэлтэй ажээ.


Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь FaceTime 1080p камерууд, студийн чанартай микрофон, зургаан чанга яригчтай, Spatial Audio системтэй. Мөн Wi-Fi 6E болон Bluetooth 5.3 утасгүй холболтууд, хоёр Thunderbolt орогч бүхий дөрөв хүртэлх USBC орогчтой. 


Шинэ M3 чиптэй, 24 инчийн iMac нь долоон өнгийн (ногоон, шар, улбар шар, ягаан, нил ягаан, хөх, мөнгөлөг) сонголттойгоор гар, хулгана, хяналтын самбарын хамт худалдаанд гарна. Уг компьютерын урьдчилсан захиалга 10 дугаар сарын 30-наас эхэлсэн бөгөөд шинэ бүтээгдэхүүн 11 дүгээр сарын 7-ноос худалдаанд гарах ажээ. iMac-ийн үндсэн хувилбар нь 1.2 мянган ам.долларын үнэтэй байх ажээ.

Related news