Умард Солонгосын тамирчид ковидоос хойш анх удаагаа хилийн чанадад хөл тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-08-18 10:54:31

ДАНЬДУН. /Kyodo/. Умард Солонгос 2020 онд цар тахлын улмаас хилээ хааснаас хойш спортын баг тамирчдаа анх удаа хилийн чанадад илгээжээ. Тус улсын 50 орчим тамирчин Казахстанд болох олон улсын таеквондогийн тэмцээнд оролцохоор Хятадын хил дээрх Даньдун хотод лхагва гарагт ирсэн байна. 


Тамирчид Умард Солонгосын хилийн Синыйжу хотоос хоёр автобусанд суун хоёр улсыг заагладаг Ялу голын гүүрээр гарч Даньдун хотноо иржээ. Тэд галт тэргээр Бээжинд ирснийхээ дараа Казахстаны нийслэл Астана хот руу нисэх төлөвтэй байна. Умард Солонгосын тэргүүлдэг Олон улсын таеквондогийн холбоо /ОУТХ/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг баасан гаргаас наймдугаар сарын 26-ны хооронд Казахстаны нийслэлд зохион байгуулах юм.


Энэ оны дөрөвдүгээр сард Пёньян Хятадын зүүн нутгийн Тайжоу хотод болсон каратэгийн бүс нутгийн аварга шалгаруулах тэмцээнд Японд амьдардаг хоёр тамирчнаа илгээснээр цар тахлын улмаас гурван жил завсарлаад байсан олон улсын спортын тавцандаа эргэн иржээ.


Пёньян хилийн хяналтаа үе шаттайгаар сулруулах төлөвтэй байгаа юм. Тухайлбал, вирусний халдвартай тэмцэх хатуу хязгаарлалтын улмаас Хятадад гацсан умард солонгосчуудыг нутаг буцаахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл иржээ. Хил хаагдсаны улмаас Умард Солонгосын олон арван мянган ажилчид Хятад, Орост гацсан хэвээр байгаа аж.


Үүнээс гадна Солонгосын дайн дууссаны 70 жилийн ойд зориулан өнгөрсөн сарын эцсээр зохион байгуулсан цэргийн парад болон бусад арга хэмжээнд Орос, Хятадын төлөөлөгчид оролцсон нь Пёньян хилээ хааснаас хойш тус улсад уригдсан анхны гадаадын зочид төлөөлөгчид байлаа.


Долоодугаар сарын эхээр Умард Солонгост амны хаалт заавал зүүх шаардлагыг цуцалжээ.

Related news