ХЭНТИЙ: Ховор ан амьтдын чихмэлүүдийг сэргээн засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-06-23 18:46:10

Чингис /МОНЦАМЭ/. Байгалийн түүхийн музейн санаачилгаар 21 аймгийн музейн ан амьтдын чихмэлийг сэргээн засварлах ажлыг энэ оноос эхлүүлжээ. Эхний сэргээн засалтын ажлаа Хэнтий аймгийн Музейгээс эхлүүлсэн байна. Тус музейд хадгалагддаг ховор ан амьтдын нийт 62 чихмэлийг 10 хоногийн хугацаанд сэргээн засварлах аж.


Хэнтий аймгийн Музейн байгалийн өвийн танхимын жигүүртэн, хөхтөн амьтдын чихмэлүүдийг 1980 оноос хойш огт сэргээн засварлаагүй аж. Гэхдээ аймгийн Музейн хамт олон хадгалалт, арчлалтуудыг сайн хийж байсны хүчинд, эвдрэл гэмтэл багатай, хортон шавжаас стандартын дагуу сэргийлж ирсэн нь сэргээн засварлахад хүндрэл бага гарч байна гэлээ.


Байгалийн түүхийн музейн Үзүүлэг, үзэсгэлэнгийн хэлтсийн дарга Н.Жавзмаа ярихдаа, “Үслэг амьтдын чихмэлүүдэд ихэвчлэн нүүр, нүд, чихний хэсэгт халцралт үүссэн байдаг. Энэ нь үзэгчид үзмэрүүдтэй зүй бус харьцсанаас үүдэн чих, нүд хоншоор халцрах, үснүүд унах асуудал ихэвчлэн гардаг. Сэргээн засварыг тусгай арга технологийн дагуу хийдэг. Энэ нь цаг хугацаа их шаарддаг ажил. Иргэд музей үзэхдээ соёлтой, зөв боловсон, үзмэрүүдэд хүрэхгүй байх, ялангуяа үслэг ан амьтныг гараар тэмтэрч болохгүй зэрэг наад захын соёлд суралцах хэрэгтэй” гэлээ.


Орон нутагт шинээр үзмэр худалдаж авах зардал төсөв хангалттай ирдэггүйгээс шалтгаалан үзмэрийн баяжилтыг тэр бүр хийх боломжгүй байдаг байна. Хамгийн сүүлд байгалийн өвийн танхимд аргалын чихмэл нэмэгдсэнийг эс тооцвол 40 орчим жил амьтны чихмэл үзмэр нэмэгдээгүй аж. Мөн мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдгаас шалтгаалан байгалийн жамаараа үрэгдсэн амьтдыг шууд авчирч чихмэлжүүлэх боломж орон нутагт хараахан бүрдээгүй хэвээр байна. 


Цаашлаад байгалийн түүхийн музейн хамт олон 21 аймгийн музейн ан амьтны чихмэлүүдийг сэргээн засварлах ажлыг шат дараатай хийхээр төлөвлөжээ.


Ташрамд сонирхуулахад Хэнтий аймгийн Музейн үзүүлэг дэгдэлт тун удахгүй дуусаж, түүхт 100 жилийн ойгоор иргэд, зочид төлөөлөгчдөд үзүүлэх юм. 

Related news