Чуулган: Ахмадууд ганцаардал, сэтгэл гутрал, орлогын хомсдолтой байдалд амьдарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-27 15:13:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл”-ийг бүлэг тус бүрээр нь хэлэлцэж байна.


Энэхүү илтгэл нь нийт 7 бүлэгтэй ба “Ахмад настны эрхийн хэрэгжилт” долдугаар бүлэгтэй холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа чуулганы хуралдааны үеэр хөндөж байв. Тэрбээр нийт ахмадын 70 гаруй хувь нь сарын 500 мянган төгрөгийн тэтгэврээр амьдарч, ганцаардлаас хамаарсан сэтгэл гутралд орж, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа асуудлыг анхаарах цаг нь болсон гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.


Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” хуульчилсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг 65 байхаар шинэчлэн тогтоож, 2038 он хүртэл тэтгэвэрт гарах насыг жил тутам 3 сараар нэмэгдүүлэхээр зохицуулаад буй.


Манай улс өндөр насны тэтгэврийг 2010-2022 оны хооронд 12 удаа шинэчлэн тогтоожээ. Тэтгэврийг хэмжээгээр нь авч үзвэл, 2019 онд бүрэн тэтгэвэр 310.000, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 270.000, дундаж тэтгэвэр 378.900 төгрөг байжээ. 2020-2021 онд бүрэн тэтгэвэр 350.000, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 300.000, дундаж тэтгэвэр 418.700-430.500 төгрөг байсан бол 2022 онд бүрэн тэтгэвэр 500.000, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 400.000, дундаж тэтгэвэр 562.500 төгрөг болж өсжээ. ХЭҮК-ын судалгаагаар, ахмад настнуудын өрхийн орлогын хүрэлцээтэй байдлыг авч үзэхэд, 52.4 хувь буюу хоёр ахмад настны нэг нь өдөр тутмын суурь хэрэгцээнд ч орлого нь хүрэлцдэггүй, 40.5 хувь нь өдөр тутмын суурь хэрэгцээндээ дөнгөж хүрдэг хэмээн хариулсан байна. “Ахмад настны социал асуудал” судалгаанд оролцогчдын 57.7 хувь нь өрхийн орлогын гол эх үүсвэр нь тэтгэвэр, тэтгэмж хэмээн хариулсан бөгөөд мөн судалгаанд оролцогчдын 68.4 хувь нь өрхийн зарлага нь орлогоосоо давдаг гэжээ.


Өөрөөр хэлбэл, нийт тэтгэвэр авагчдын 7.5 хувь нь хувь тэнцүүлсэн, 92.5 хувь нь бүрэн тэтгэвэр авдаг ба 17.6 хувь буюу 58 мянган өндөр настан 600 мянгаас 2 саяас дээш төгрөгийн тэтгэвэр авч буй. Үүнээс үзэхэд улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө залуу нас, сэтгэл зүтгэл, мэдлэг, туршлага, хөлс хөдөлмөрөө зориулж 20-30 гаруй жил тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөсөн ахмадуудын авч буй тэтгэвэр нь хүний анхдагч хэрэгцээг хангах хоол хүнс, байрны төлбөр зэрэг нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээт зүйлсэд нь хүрэлцээгүй байна.


Түүнчлэн ахмад настнуудын дундах сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь тэдний эрүүл мэнд, санхүү, нийгмийн болон орчны хүчин зүйлээс ихээхэн нөлөөлдөг аж. Үүнд, эрэгтэй эмэгтэй ахмад настнуудын дундаж насжилтын зөрүү өндөр байгаа нь амьдралынхаа тодорхой үеийг ганцаардал, сэтгэл гутрал, айдас түгшил, орлогын хомсдолтой байдалд өнгөрүүлж байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Ялангуяа эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. 1965 онд эмэгтэй, эрэгтэй хүний дундаж наслалт 2.3 жилийн зөрүүтэй байсан бол 2021 онд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.47, эрэгтэйчүүдийнх 67.05 жил буюу эрэгтэйчүүд бараг 10 насаар богино наслах болсон. Үүнд хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйл нь эрэгтэйчүүдийн хорт зуршил, амьдралын буруу хэвшил, буруу зуршил зэргээс гадна эрэгтэйчүүд эрүүл мэндээ үл ойшоох хайхрамжгүй хандах байдал эмэгтэйчүүдээс их байгаатай холбоотой гэж үзсэн байна.


Ахмад настнуудын нийгмийн хүндлэлийн талаарх судалгаанд хамрагдсан ахмадуудын тэн хагас нь сэтгэл ханамжгүй гэж хариулсан аж. Учир нь тэтгэврийн хүн ажиллах ёсгүй, залуу хүмүүст зайгаа тавьж өгөх ёстой, үеэ өнгөрөөсөн, хуучны хүн, хоцрогдсон гэх зэрэг нийгэмд тогтсон сөрөг ойлголт үүнд ихээхэн хамааралтай. Цагдаагийн байгууллагын мэдээллээс үзэхэд, сүүлийн 3 жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрүүгийн гэмт хэрэгт 187, зөрчлийн хэрэгт 2358 ахмад настан өртсөн байна.


Монгол Улсын хувьд хүн амын дундаж наслалт 2021 онд 71 жил болж, 26 жилийн өмнөх түвшинтэй харьцуулахад 7.23 жилээр өссөн бөгөөд хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.05 болж 4.95 жилээр, эмэгтэйчүүдийнх 76.47 болж 11.04 жилээр тус тус өсжээ. Тэтгэврийн насны хүн ам 2020 онд хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувь болж, Монгол Улсын хүн амын дотор ахмад настны эзлэх хувь өсөх хандлагатай байгаа ба 2050 он гэхэд ахмад настны тоо нийт хүн амын бараг 20 хувьд хүрэх тооцоотой байгаа энэ үед тэдгээр иргэнийг хэн асрах вэ гэдэг асуудал гарч ирнэ гэж мөнхүү илтгэлд дурджээ. 

Related news