Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-25 15:17:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад энэ сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.


Төрийн айлчлалын хүрээнд Засгийн газар, агентлаг, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд,

-“Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко,

-“Бэлийн булаг, задгай булаг дахь молибден, гянтболд судлах төсөл хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, БНПУ-ын Геологийн хүрээлэн-Үндэсний геологийн алба хоорондын гүйцэтгэлийн гэрээ”-нд Монголын талаас Үндэсний геологийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Уянга, Польшийн талаас Геологийн хүрээлэнгийн орлогч дарга Анджей Глушыньски,

-“Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар, БНПУ-ын Мал эмнэлгийн хяналтын ерөнхий газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүх, Польшийн талаас Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко,

-“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Архивын ерөнхий газар, БНПУ-ын Төрийн архивын удирдах газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Польшийн талаас Төрийн архивын удирдах газрын ерөнхий захирал Павел Петшык,

-“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи, БНПУ-ын Варшавын их сургууль хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко нар гарын үсэг зурав.

Related news