У.Хүрэлсүх: Зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-25 13:55:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцов. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар Баганат танхимд хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийсэн юм. 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ мэдээлэлдээ, “Та бүхэнд энэхүү түүхэн өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэхүү албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой, чухал үр дүнтэй боллоо гэж үзэж байна. 


Манай хоёр улс төрийн тэргүүний түвшинд 5-10 жилийн давтамжтай харилцан айлчлал хийж ирсэн юм. Өмнөх айлчлалаас 10 жилийн дараа Ерөнхийлөгч Анджей Дуда айлчилж байгаа нь хоёр орны харилцааны түүхэнд тодоор бичигдэж, манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжихөд түүхэн ач холбогдолтой, бат бэх байр суурь болно гэж үзэж байна. 


Бид хэлэлцээний үеэр сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхийн орнуудын өмнө тулгарч буй Ковид-19 цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилтуудын үр дагавар, нөхцөл байдал, шийдлийн талаар ярилцаж, хүндрэл бэрхшээлийг хамтын хүч, чармайлтаар даван гарна гэдэгт санал нэгдлээ. Бүгд Найрамдах Польш Улс нь манай улсын гуравдагч хөрш, дотно түншийн нэг бөгөөд хүндрэл бэрхшээлтэй цаг мөчүүдэд ч манай орны харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, идэвхтэй хөгжиж ирсэн түүхтэй юм. Тухайлбал, тус улс манай улсад ЭСЯ-аа нээх шийдвэр гаргаж, энэхүү төрийн айлчлалын хүрээнд албан ёсоор нээж байгаад баяртай байна. 


Мөн хоёр улсын парламент, Засгийн газар, төрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хоорондын харилцаа идэвхтэй өрнөж, хоёр орны худалдааны эргэлт сүүлийн 3 жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн байна. Польш Улс 1990 оноос өмнө Дархан, Чойбалсан хотод царцуу тоосго, шохойн үйлдвэр, Улаанбаатарт хөнгөн бетоны үйлдвэр, мод боловсруулах комбинат, Хархоринд ДЦС зэрэг олон үйлдвэр, цех байгуулж өгснийг бид мартаагүй бөгөөд байнга талархаж байдаг. Тиймээс хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг нэмэгдүүлсэн хөгжлийн томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.


Мөн хоёр орны урт хугацааны хөгжлийн зорилтыг уялдуулж хүнсний хангамж, аюулгүй байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдийг ХАА, байгаль орчин, геологи, уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нээлттэй, олон тулгуурт, энх тайванч бодлогыг эрхэмлэдэг Монгол Улсын хувьд ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг бэхжүүлэх, хамгаалах, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүс нутагтаа хөгжүүлэхийг эрмэлзэж буй Польш Улсын байр суурь, бодлогыг хүндэтгэж, НҮБ болон бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрэхээ дахин нотоллоо" гэв. 

Related news