ДУНДГОВЬ: Монгол бичгийн аймгийн тэргүүний уншигч хүүхдүүдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-21 16:09:49
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баярыг угтан Хэлний бодлогын салбар зөвлөл, БШУГ, Сайнцагаан сумын ЗДТГ, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан хамтран “Монгол бичгийн аймгийн тэргүүний уншигч” шалгаруулах уралдаан зохион байгуулав.  

“Монгол бичгийн аймгийн тэргүүний уншигч” шалгаруулах уралдааныг монгол үндэсний бичиг, түүх соёл, уламжлалаа эрхэмлэн дээдэлж, хойч үедээ өвлүүлэх, үндэсний эх хэл, бичиг соёлоороо бахархах, сурч эзэмших хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх зорилгоор жил бүр ийнхүү зохион байгуулдаг уламжлалтай. 



Үндэсний монгол бичгээр хурдан, зөв, тод уншигч хүүхдүүдийг шалгаруулахын тулд хоёр шатны шалгаруулалт явуулж, нэгдүгээр шатанд сургуулиасаа шалгарсан сурагчид аймгийн уралдаанд оролцож, унших ур чадвараа ийнхүү харууллаа. 2022 оны уралдаанд 12 хүүхэд оролцож байсан бол энэ жилийн уралдаанд Сайнцагаан сумын 5 сургууль, Баянжаргалан, Дэрэн, Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 42 хүүхэд оролцжээ.

Уралдааныг Ерөнхий боловсролын 6-7, 8-9, 10-12 дугаар анги гэсэн ангиллаар явуулж, шилдэг уншигчдаа шалгаруулсан юм.

6-7 дугаар ангийн төрөлд Мандал сургуулийн 7а ангийн сурагч Б.Гарьд түрүүлж, 7а ангийн сурагч С.Төгөлдөр, Цэгц билиг сургуулийн 7б ангийн сурагч Н.Ундармаа нар удаалсан бол 8-9 дүгээр ангийн төрөлд Дэрэн сумын сургуулийн 8а ангийн сурагч Э.Оюундарь түрүүлж, удаах байрт Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч М.Учрал, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 9в ангийн сурагч Н.Самдан нар шалгарлаа.



Харин 10-12 дугаар ангийн төрөлд Хүмүүнлэг сургуулийн 10а ангийн сурагч Ө.Март түрүүлж, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Р.Удвал, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч А.Ууганбаяр нар удаалжээ.

Тус уралдааны эхний 3 байрт шалгарсан сурагчид "Үндэсний бичиг, соёл тэргүүний хурдан уншлага"-ын улсын уралдаанд оролцох ажээ.







Related news