ДУНДГОВЬ: Сурагчдын сүү, сүүн бүтээгдэхүүний өдөрт авах зохистой хэмжээг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-19 11:05:06
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны яам, Японы ЖАЙКА Олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн хүрээнд Дундговь аймагт “Хүүхдийн хоолны зөвлөл” байгуулан ажиллаж байна.

Тус зөвлөлийн хурлаар хүүхдийн хоолны цэсийг оновчтой болгохын тулд тогооч нарын дунд ур чадварын уралдаан зохион байгуулах, Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сүү, сүүн бүтээгдэхүүний өдөрт авах зохистой хэмжээг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхдийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааны талаарх баримт бичиг боловсруулах болон оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сумдад зөвлөмж хүргүүлэх, хүнсний түүхий эд, бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү зөвлөл нь хүүхдийн хоол үйлдвэрлэлийг чанартай, эрүүл аюулгүй хүнсээр ханган хэрэгжүүлэхийн тулд оролцогч байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг чанаржуулахад чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэх зорилготой аж.

“Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг БШУЯ, Японы ЖАЙКА Олон улсын байгууллага 2021 оноос Улаанбаатар хот, Дундговь, Өвөрхангай аймагт хамтран хэрэгжүүлж байгаа ба төсөлд 6 сургуулийг сонгожээ. Дундговь аймгийн хувьд төсөл нь Сайнцагаан сумын Мандал сургууль, Говийн Ирээдүй цогцолбор сургуульд хэрэгжиж буй.

Уг төсөл ЕБС-ийн сурагчдыг шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангасан, эрүүл аюулгүй үдийн хоолоор хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой ба төслийн хүрээнд үдийн хоол үйлдвэрлэх гал тогооны тоног төхөөрмж, технологийг сайжруулах, тогооч нарыг чадавхжуулах замаар хүүхдэд өгч буй хоолны чанар, шим тэжээлийг нэмэгдүүлэх, хоол үйлдвэрлэлд оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ажиллаж байна. 



Related news