Байнгын хороод 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-09-06 09:34:27

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт боловсруулана.

Байнгын хороодын хуралдаанаар ихэвчлэн 2016 оны төсвийн тодотгол, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Тухайлбал, 09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, төсвийн тодотгол болон Бага, дунд боловсролын тухай хууль өөрчлөлт оруулах тухай, Эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ. Мөн цагт Эдийн засгийн байнгын хороо “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн Концессын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.

Үдээс хойш буюу 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөсөн бол, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай болон 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хэлцэх аж.

Ч.Ариунболд

Related news