ТӨВ: Иргэдийн буруутай үйл ажиллагаа цөлжилтийн голлох шалтгаануудын нэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-24 14:59:31

Зуунмод /МОНЦАМЭ/ Аймгийн нийт газар нутгийн 80.3 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн байна. Энэ талаар Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын цөлжилт, газрын доройтол, хөрс хамгаалал хариуцсан мэргэжилтэн Э.Занабазараас тодрууллаа.  



-Нийт газар нутгийн дийлэнх хувийг эзэлж байгаа цөлжилттэй ямар байдлаар тэмцэж байгаа вэ?

-Сүүлийн жилүүдэд Төв аймгийн ялангуяа тал хээрийн сумдад хур чийг дутмаг, гандуу хуурай уур амьсгалын нөлөөгөөр хөрсний доройтол, цөлжилт эрчимтэй явагдсаар байна. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 1, 2-р үе шатны төлөвлөгөөг аймгийн хэмжээнд боловсруулан батлуулж хэрэгжүүлсэн.

“Цөлжилттэй тэмцэх, цөлжилтийг сааруулах” ажлын хүрээнд Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 2017-2020 онд нийтдээ 468.5 сая төгрөгийг батлуулж, хэрэгжилтийг ханган ажилласан. Энэхүү төлөвлөгөө нь 2013-2016, 2017-2020 онд боловсруулж байсан төсөл юм.

Харин өнөөдрийн байдлаар “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2021-2023 онд хэрэгжүүлэхээр 3 зорилт 17 арга хэмжээтэй боловсруулан батлуулаад ажиллаж байна. Аймгийн хэмжээнд цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд 24 суманд цөлжилтийн зэрэглэл тогтоох төлөв байдлын нарийвчилсан судалгааг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж ирсэн.

Төлөв байдлын үнэлгээний тайлангаас үзэхэд 24 сумын 17 хувь нь цөлжилт илрээгүй, 32.8 хувь нь сул, 29.2 хувь нь дунд, 14.3 хувь нь хүчтэй, 6.7 хувь нь нэн хүчтэй цөлжилтийн зэрэглэлд хамрагдсан байна.



-Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцын томоохон ажлуудаас товч дурдвал? Үр дүн ямар байсан бэ?

-2013-2015 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Зуунмод суманд Шинэчлэл 1, 2-р цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулсан.

2017 онд Зуунмод гол дагуу цэцэрлэгт хүрээлэн, хөв цөөрөм байгуулах ажилд Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 265 сая төгрөг зарцуулан, дугуйн зам, усан оргилуур, явган зам талбай, бусад тохижилтын ажил хийсэн.

2017-2020 оны усны тооллогоор 477 булаг шанд тоологдсоны 367 нь устай бөгөөд одоогийн байдлаар 271 булаг шандны эхийг тохижуулсан.

2018 оны орон нутгийн хөрөнгө оруулалтын Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх сангийн зардлаас Аргалант суманд цас, борооны усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажил хийгдсэн ба уг ажлыг 99,0 сая төгрөгөөр “Усны барилга” ХХК хийж гүйцэтгэн 2018.08.21-нд Улсын комисс ажиллаж, хүлээн авсан. Зуунмод голын эх дагуу 2 га талбайг хашаажуулан 2000 бургас тарьсан

2019 онд “Хөрсийг мал амьтнаас хамгаалах, хөрсний доройтлыг бууруулах” зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Баянцогт, Сүмбэр, Цээл гэсэн 3 сумын 51 иргэн, аж ахуйн нэгжийн 7100 га талбайг 120 км-ийн урттай хашаагаар хашиж хамгаалсан.

2020 онд Баянцагаан суманд 40 га газарт олон наст тариалах ажлыг эхлүүлэн хашаа хамгаалалтын хамт барьж байгуулсан. БНСУ болон аймаг орон нутгийн оролцоотой иргэн, аж ахуйн нэгжид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тарьц суулгац нийлүүлэх, заавар, зөвлөмж өгөх зорилгоор “Хүлэмжийн парк” байгуулсан.

Аймгийн хэмжээнд сум дундын 3 ойн ангитай. Ойн сангийн 20-иос доошгүй хувийг нутгийн иргэд, нөхөрлөлүүдэд гэрээгээр эзэмшүүлэх ажлын хүрээнд ой бүхий 11 сумын 145 ойн нөхөрлөл 239.2 мянган га ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа бол тал хээрийн сумдад бэлчээр хамгаалах 55 нөхөрлөл байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.


    

Аймгийн хэмжээнд 12 суманд 24 мод үржүүлгийн газарт жилд шилмүүст модны 1.3 сая тарьц, навчит модны 171.0 гаруй ширхэг тарьц, суулгац бойжуулах үйл ажиллагаа эрхэлдэг.

Жил бүр бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх ажилд тархалтын тайлан мэдээг үндэслэн улс, орон нутгийн төсвөөр зохион байгуулан гүйцэтгэж ирсэн.Тодруулбал, Бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд 2016-2020 онд нийт 315.3 мян.га талбайд 677.9 сая төгрөгийн ажлыг улс орон нутгийн төсвөөр хийж хэрэгжүүлээд байна. Тал хээрийн 11 суманд нийт 1370 ширхэг махчин шувууны үүр, суулт байрлуулсан.

Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор малчдын бүлгээр, малчид хамтран инженерийн хийцтэй худаг шинээр гаргавал урамшуулал олгох тухай журмын төслийг боловсруулан ажиллаж байна.


-Цөлжилт үүсээд байгаа нөхцөл шалтгаан юу вэ?

-Иргэдийн буруутай үйл ажиллагаа цөлжилтийн голлох шалтгаануудын нэг. Монголчууд эртнээс жилийн дөрвөн улиралд нүүдэллэж, бэлчээрээ сэлгэдэг байсан. Энэ нь ургамлын гарцыг нэмэгдүүлэх, мал амьтны хөлд хөрс эвдэгдэж элэгдэх нөхцөлөөс урьдчилан сэргийлдэг байлаа. Харин шинэ цагийн малчид өвөлжөө, хаваржаагаа нэг газартаа төвлөрүүлэн амьдарснаар багадаа 6 сар тус газартаа оршин суудаг болсон.

Мөн сүүлийн жилүүдэд морь унаж мал хариулах нь эрс багасч мотоцикл, машиныг хэрэглээндээ нэвтрүүлсэн. Энэ нь нэг айлд очих болон мал хариулахдаа машин, мотоциклийн замыг хүссэн газартаа гаргадаг. Ингэснээр ургамлын гарц муудаж цөлжилт үүсэх томоохон шалтгаан болж байгааг хэлэх нь зүйтэй. Мөн малчид хариулгагүй малаа бэлчээж шинээр тарьж ургуулж байгаа мод, бут, сөөгийг идэх, хугалах, хашаалсан хэсгийг эвдэж байна. Түүнчлэн бэлчээрийн даацын хувьд аймгийн нийт бэлчээрийн талбайн 50 орчим хувьд хөрсний үржил шим алдагдаж, ургамлын төрөл зүйл хумигдаж, газрыг доройтуулах нөхцөл бүрдсэн байдалтай байна.

Related news