ТӨВ: “Төв Робо-2025” тэмцээний шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-07-24 16:56:42

Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Төв Робо-2025” тэмцээнийг долоодугаар сарын 21-23-ны өдрүүүдэд Зуунмод суманд зохион байгуулж, өөрсдийн бий болгосон бүтээлээрээ өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.


Тэмцээнд 6-12 дугаар ангийн БНСУ-ын Ансан мужийн 34 сурагч, Олон улсын хөтөлбөртэй сургуулийн 34 сурагч, Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 68 сурагч нийт 136 сурагч 34 багт хуваагдан оролцсон юм. Багийн ахлагчаар БНСУ-ын Ансан мужийн 34 сурагч ажиллаж, бусад сурагчдад зөвлөн тусалж байв. 


Тэмцээний тэргүүн байрт Бён Мингёнг ахлагчтай 13 дугаар баг шалгарсан бол дэд байрт Чо Вүүжин ахлагчтай 19 дүгээр баг, гутгаар байрт Ли Хёнгру ахлагчтай 20 дугаар баг, тусгай байрт Хо Ёон Жён ахлагчтай 12 дугаар баг, Ан Жёон ахлагчтай 11 дүгээр баг тус тус шалгарлаа.


Тэмцээний шагналт байрт орсон сурагчдыг сургуулиар нь авч үзвэл, Шинэ эрин сургуулийн 5 сурагч, Хүмүүн цогцолбор сургуулийн 4 сурагч, Спортын төрөлжсөн сургуулийн 2 сурагч, Заамар сумын 3-р сургуулийн 2 сурагч, Монгол тэмүүлэл сургуулийн 2 сурагч, Оргил сургуулийн 1 сурагч, Мөнгөнморьт сумын ЕБС-ийн 1 сурагч, Батсүмбэр сумын ЕБС-ийн 1 сурагч байв.


Шагналт байрт шалгарсан эдгээр сурагчид БНСУ-д 2026 оны 1 дүгээр сард зохион байгуулах робот бүтээх тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

 





Related news