ТӨВ: Гимнастикийн дөрвөн талт шугаман бүжгийн аваргууд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-22 08:22:26

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Гимнастикийн дөрвөн талт шугаман бүжгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төв аймгийн Зуунмод суманд болж, шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд 12 багийн 144 ахмад тамирчин оролцож, 55-64 нас болон 65-аас дээш насны ангилалд ур чадвараа сорин өрсөлдсөн байна.


Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон “Алсын хараа-2025” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулсан байна.


55–64 насны ангилалд Батсүмбэр сумын М.Дэлгэрмаа ахлагчтай “Эрч хүч” баг тэргүүн байр эзэлсэн бол Зуунмод сумын Д.Долгор ахлагчтай “Тэмүүлэл” баг дэд байрт шалгарчээ. Мөн Эрдэнэ сумын Г.Хандсүрэн ахлагчтай “Цомирлог-2” баг гутгаар байрыг эзэлсэн байна.


Харин 65 ба түүнээс дээш насны ангиллын тэргүүн байрт Эрдэнэ сумын Т.Дүгэрмаа ахлагчтай “Цомирлог-1” баг, дэд байрт Батсүмбэр сумын Ш.Алтанцэцэг ахлагчтай “Эрч хүч-2” баг, гутгаар байрт Зуунмод сумын С.Энхтуяа ахлагчтай “Уран дэлбээ-2” баг шалгарсан байна.


Төв аймгийн Засаг даргын орлогч Б.Отгонбаяр, "Энэхүү тэмцээн нь ахмад настнуудын идэвх, оролцоог нэмэгдүүлж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна. Иргэд, төрийн албан хаагчид, ахмад настнуудыг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, бие бялдрыг дэмжих, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх сонирхол, санаачилгыг өрнүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, оролцоог нэмэгдүүлэхэд тус тэмцээн бодит хувь нэмэр оруулж байна" гэв.


БНСУ-ын Суми хотод 2025 оны 11 дүгээр сарын 9-нд болсон олон улсын бүжгийн тэмцээнд 17 улсын 166 багийн бүжигчин тамирчид оролцсоноос 60-аас дээш насны ангилалд Төв аймгийн "Уран дэлбээ" багийн бүжигчид дэд байр эзэлж мөнгөн цом хүртсэн юм.





Related news