ТӨВ: Их зохиолчийн 80 насны ойгоор боржин чулуун хөшөө босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-18 21:35:06

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баяндэлгэр сумын төвд байдаг боржин чулуун хөшөөг их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан босгож байжээ.


Уг хөшөөг 1986 онд Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн н.Дашдэлэгээр хийлгэсэн бөгөөд өндөр нь 120 см, өргөн нь 130 см, суурийн өндөр нь 270 см, өргөн нь 100 см юм. Хөшөөг боржин чулуугаар урласан нь бат бөх, элэгдэлд тэсвэртэй шинжийг илэрхийлэхийн сацуу уламжлалт чулуун урлалын онцлогийг харуулсан байна. Зохиолчийг бодлогоширсон төрхтэйгөөр дүрсэлсэн нь түүний оюуны болон уран бүтээлийн үнэ цэнийг бэлгэджээ.


Энэхүү хөшөө нь зөвхөн дурсгал бус, соёл, утга зохиолын өвийг хойч үед таниулах боловсрол, соён гэгээрлийн ач холбогдолтой бүтээл юм. Мөн Д.Нацагдоржийн уран бүтээл болон орчин үеийн Монголын утга зохиолын эхлэлийг бэлгэдсэн соёлын үнэт өвд тооцогддог.


Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд олон ажил төлөвлөсний нэг нь түүний гэрийн буурийг аймгийн хамгаалалтад авах түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулах, сэргээн засварлах, зураг төслийн дагуу орчны тохижилтыг хийж, гэрэлт хөшөө шинээр босгохоор төлөвлөжээ.



Related news