ОРХОН: Ирэх сараас нийтийн тээвэр картаар үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-23 13:01:22
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймаг нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулах зорилгоор “EPASS” төслийг хэрэгжүүлж байна. Иргэд ирэх сараас эхлэн хотын доторх нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ төлбөрийн цахим карт ашиглана. 

EPASS цахим төлбөрийн карт нь хүүхэд, оюутан залуус, хөнгөлөлттэй зорчигч буюу- хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан гэсэн дөрвөн төрөлтэй. “Хөнгөлөлттэй зорчигч” картаар оюутан, цагдаа, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих бол “Хүүхдийн картыг” 6-12 насны хүүхдүүд ашиглана. Харин 12-оос дээш насны хүүхдүүд энгийн картаар зорчино.

Картыг Согоот баг, 6-р микрийн нэгдүгээр байрны дэргэдэх автобусны буудал дээр байрлах картын төвд худалдаалж байна. Мөн  насанд хүрэгчдийн хувьд автобусны буудлууд дээр байрлах зарлан мэдээлэх самбарын QR код бүхий хэсгийг уншуулж бүх төрлийн интернэт банкны аппликейшн ашиглан гүйлгээ хийж автомат машинаас авах боломжтой юм. Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяа багийнхаа халамжийн мэргэжилтэнд хандан картаа авна.

Энгийн карт 5000 төгрөг, хүүхдийн карт 4000 төгрөгөөр худалдах бөгөөд ахмадын болон хөнгөлөлттэй карт эхний удаа үнэ төлбөргүй олгоно. Хаяж гээгдүүлсэн тохиолдолд 3000 төгрөгөөр дахин авна.

Related news