ӨВӨРХАНГАЙ: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдэлж хэрэглэж байсан зарим эд зүйлээс
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Богд Хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн 1878 оны 2 дугаар сард Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт төрсөн. Тэрээр 41 насандаа зуурдаар таалал төгссөн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яам түүний эд хөрөнгийг хураан авсны дараа иргэдэд тодорхой үнээр үнэлж худалдсан байдаг. Аймгийн Музей Сайн ноён ханы эдэлж хэрэглэж явсан зарим эд зүйлийг иргэдээс худалдан авч, сан хөмрөгтөө хадгалж байна.
Т.Намнансүрэн сайдын шүтэж явсан “Арслан нүүрт” буюу Сэндом бурхан. Уянга сумын иргэн Аранжамба Нимдэндорж гэх хүн шүтэж яваад Нийгмийг аюулаас хамгаалах яаманд хураагдсан байна. Улмаар 1970-аад онд аймгийн Музейн сан хөмрөгт бүртгэж авчээ.
Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдэлж хэрэглэж байсан хөөргийн даалин. Даалинг түүний оёдолчин Ханд урлажээ. Даалинг аймгийн Музейн сан хөмрөгт 1960-аад онд бүртгэж авсан байна.
Сайн ноён ханы болон Магсар хатны хэрэглэж байсан гуулин тоногтой ган дөрөө. Дөрөөний шинж ил харагддаггүй, өвөрмөц бүтэцтэй дөрөө юм.
Магсар хатны хөөрөг. Хуван толгойтой, ногоон нуухтай, амыг нь мөнгөөр тоноглосон гартаам хөөрөг аж.
XX зууны Монголын төрийн нэрт зүтгэлтэн, дипломатч, анхны Ерөнхий сайд Түмэнхэн номун эзэн, Итгэмжит эетэй, Эрх дайчин Сайн ноён хан Боржигин овогт Төгс-Очирын Намнансүрэнгийн хэрэглэж байсан зарим эд зүйлүүд Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.