Монгол мини "Мимо" гэрийг гадаад зах зээлд 25 мянгыг борлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-12-02 15:23:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас “Аж үйлдвэрийн IV хувьсгал ба соёлын бүтээлч үйлдвэрлэл” зөвлөгөөнийг зохион байгуулсан. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн өөрчлөлт, шинэчлэлийн талаар зөвлөгөөнд оролцогч зарим уран бүтээлчийн хэлсэн санал, байр суурийг хүргэж байна.




Соёлын бүтээлч нарт үйлдвэрлэл болон менежментийн нэгдсэн

нэг платформ хэрэгтэй байна

“Ger Glamping” компанийн гүйцэтгэх захирал С.Баярсайхан:

-Манайх олон улсад түгэн дэлгэрсэн тав тухтай аяллын бүтээгдэхүүнийг хөгжүүлж байна. Ингэхдээ үндэснийхээ өв соёлд суурилсан, инноваци шингэсэн монгол мини “Мимо” гэр бүтээгдэхүүнийг дотооддоо зохион бүтээн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд гаргаж, 25 мянган ширхэгийг борлуулаад байна. Нийт борлуулалтын 80 хувийг гадаад зах зээл эзэлдэг. Гадаадад суугаа монголчууд хамгийн их худалдан авдаг.

-Хөрөнгө оруулалтаа өөрсдөө хийсэн үү?

-Эхлээд өөрсдөө хөрөнгө оруулалтаа гаргасан. Саяхнаас дотоодын томоохон хөрөнгө оруулагчтай хамтран ажиллаж эхлээд байна.

 

үтээгдэхүүнээ бизнес болгоход ямар бэрхшээл гарч байна?

-Хил, гаалийн хязгаарлалт, валютын ханшийн өсөлт бидний үйл ажиллагаанд шууд болон дам байдлаар нөлөөлж байгаа. Дотоод дахь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн тухайд бол соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт үйлдвэрлэлийн нэгдсэн нэг, хамтарсан орчин бүхий эко системийг бүрдүүлэх хэрэгтэй байнаБид иннновац шингэсэн нэг бүтээгдэхүүн зохион бүтээгээд хийе гээд явахад олон газраар орох шаардлагатай болж цаг хугацаа алдаж, зардал их ордог. Инновацийн төв хэрэгтэй. Гэхдээ энэ нь өнөөдрийн манайх шиг хэдэн компьютер тавиад сургалт хийж буй байдлаар бус, санхүүжилт, зах зээл, борлуулалтыг хамтад шийдэх байдлаар бүтээгдэхүүнийг нь хөгжүүлдэг, тийм төв байх хэрэгтэй. Энд Засгийн газар нь юм хийж буй хүмүүсийнхээ бүх чадварыг эхлээд судлаад нэгдсэн нэг менежментэд оруулж буй Тайванийн жишээг дагах хэрэгтэй санагддаг. Энэ нь бүтээгдэхүүнийг менежментийн баг хариуцан үйлдвэрлэгч нартай гэрээ хийн борлуулдаг, хэн хэнийгээ хөгжүүлдэг менежмент юм.

 

Соёлын бүтээлээ эхлээд үзэгч, хэрэглэгчтэй болгоё

“Эдмон” ХХК-ийн ерөнхий захирал Р.Энхбат, хэвлэлийн газрууд маш олон контент үйлдвэрлэдэг, мөн импортлодог. Энэ утгаар бид соёлын үйл ажиллагаатай нягт холбоотой байдаг. Саяхан Соёлын бүтээлч сар өндөрлөсөн. Тэгэхээр бид үүнийг цаашид соёлыг түгээх гэдэг талаас нь хандах учиртай. Учир нь олон нийт соён гэгээрлээр үнэхээр дутагдаж байгаа. Тиймээс бид хэрэглэгч хүнээ бодож асуудалдаа хандмаар байна.


Үүнийг гүнзгийрүүлээд ярьж хөндье гэхээр ийм хэмжээний үйл ажиллагаа хийхгүй, явагдахгүй байна. Нэг ёсондоо манайхан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эхлээд бизнес гэж хараад буйд би шүүмжлэлттэй хандаж байгаа. Соёл урлаг гэдэг нийгэмд тодорхой соёлыг түгээх явдал юм. Энэ маань манай үзэгч, сонсогч, уншигч, хэрэглэгч нар юм.


Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн бариад буйг Соёлын яамнаас мэдээлж байна.


Хэрэглэгчийнхээ хүсч буй юмыг бид хийж байна уу, чадаж байна ууу гэдгийг эхлээд бид ярих учиртай. Тэдэнгүйгээр бид соёлын бүтээлч үйлдвэрлэл гээд хэчнээн яриад нэмэргүй, үр дүнгүй гэсэн үг. Тиймээс бид эхлээд дотооддоо соёлоо түгээгээд дараа нь гадаадад соёлын бүтээгдэхүүнээ борлуулья гэв.



Зөвлөгөөний үеэр "Эконтэ" зэрэг контент үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ бизнес болгож буй үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Бүтээгдэхүүнээ эхлээд зохиомол агуулгаар концепц боловсруулан, түүнийгээ зургаар найруулж харуулах нь контент бий болгоход хамгийн чухал элемент болдог юм гэдгийг "Эконтэ" ХХК-ийн ерөнхий продюсер Э.Тамир тодруулж байв. Тус компани "Бумбардай", "Хандгай" зэрэг комикс, анимэйшн бүтээжээ. 


“Аж үйлдвэрийн IV хувьсгал ба соёлын бүтээлч үйлдвэрлэл” зөвлөгөөний дэмжигч байгууллагаар Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” ажиллаж, Эдийн засаг, хөгжлийн яам, Харилцаа, холбооны зохицуулах хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 21 аймгийн Соёл урлагийн газрын удирдлага, төрийн болон ТББ-ууд, соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл танхимаар болон цахимаар оролцсон юм.

Related news