Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар зөвхөн дипломд бус эзэмшсэн ур чадварт боломж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-10-13 11:51:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа, салбарын байгууллагуудын ажлын байрны шаардлагад хүлээн зөвшөөрөгдөх олон улсын мэргэжлийн холбоо, стандартын байгууллагын сургалтаар олгогддог сертификатын жагсаалтыг ЦХХХ-ны сайд Н.Учрал баталлаа.

 

Ингэснээр мэдээллийн технологи, программ хангамж, мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжлэх ухааны мэргэжлийн чиглэлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн их дээд сургуулийн дипломын боловсрол эзэмшээгүй ч ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авсан, ур чадвар эзэмшсэн мэргэжилтнүүдийг мэдээллийн технологийн салбарт ажиллаж, цахим шилжилтэд хувь нэмрээ оруулах боломж олгож байна.



 

Жагсаалтад багтсан сертификатыг авсан буюу ОУ-ын мэргэжлийн холбоо, стандартын байгууллагын хөтөлбөрт хамрагдаж, ур чадвар эзэмшсэн иргэнийг ЦХХХЯ-ны харьяа салбар байгууллагуудад хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн харилцаа үүсгэн хамтарч ажиллах чиглэлийг Харилцаа холбооны зохицуулах хороо (Г.Чинзориг), Үндэсний дата төв УТҮГ (Б.Баттулга), И-Монгол академи УТҮГ (Л.Энхбат), Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ (С.Цагаанхүү), Мэдээлэл холбооны сүлжээ ХХК (Б.Мөнхбат), Монголын цахилгаан холбоо ХК (Б.Чинбат), Монгол шуудан ХК (Б.Анхбаатар)-д тус тус өглөө.

Related news