Хэвлэл мэдээллийн салбарт 100 сая төгрөгийн дэмжлэгээр 4 стартап гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-29 17:03:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэвлэл мэдээллийн салбарт тогтвортой, бие даасан бизнес загвар нутагшуулах “Урагш алхъя” төслийн анхны 4 төгсөлтийн баг батламжаа гардан авлаа.


Төслийг АНУ-ын ЭСЯ дэмжиж, Spirit of America байгууллагын санхүүжилтээр People in need Mongolia, Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв хэрэгжүүлж байгаа билээ.  


“Урагш алхъя” төслийн 2 дугаар шат, хэвлэл мэдээллийн салбарт хэрэгжүүлэх бизнес загварын санааны шалгаруулалтад 692 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 21 төсөл ирүүлжээ. Эдгээрээс хэрэгжих боломжтой, бодитоор тооцоолсон, давтагдашгүй санаа гаргасан 4 төслийг шалгаруулан, сургалт, менторшип хөтөлбөрөөр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээг нь боловсронгуй болгох 6 сарын аяллын дараа ийнхүү зах зээлд байршиж, цааш өөрсдөө бие даан хөгжих боломжтой болжээ. Тодруулбал, төрөлжсөн, чанартай мэдээллээр дамжуулан иргэдийн эрүүл, баталгаат хэрэглээг дэмжих хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн платформ бий болгох Agroshop.mn төсөл, зорилтот бүлэгт хэрэгцээт мэдээллийг хүргэх замаар амьдралын чанарыг сайжруулах Songino.info мэдээллийн сайт, охидод сэтгэл зүй, бэлгийн боловсрол олгох контент, мэргэжлийн экспертүүдийн зөвлөгөө, мэдээлэл бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нийгэмд бодитой өөрчлөлт авчрах зорилготой “Охидын подкаст” төсөл, крипто зах зээлийн бодит мэдээлэл, түүнийг ойлгох онол арга зүйг инфографик, постер, богино тайлбар видеогоор хүргэж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой Graph.mn сайтын “Криптограф” төсөл юм. 



Эдгээр төсөлд гарааны санхүүжилт олгож, олон улсад шинээр нэвтэрсэн бизнес загварын сургалтыг Монголд нутагшуулан төслийн багийнханд орж, бүтээгдэхүүнийг туршиж, сайжруулахад чиглүүлсэн Сэтгүүл зүйн Инновац хөгжлийн үүр төв ТББ дараа жил “Урагш алхъя-2” төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ талаар “Nest Mongolia” төвийн тэргүүн Б.Дуламхорлоо “Төслийн санхүүжүүлэгч Spirit of America байгууллага Монголын хэвлэл мэдээллийн экосистемийг эрүүлжүүлж, хараат бус, бие даасан байгууллага бий болгохын төлөө дэмжихээ амласан. Цаашид 21 аймаг бүрд жилд 4 стартап бойжуулахын төлөө ажиллана” гэлээ.


Сэтгүүл зүйн салбарын хөгжлийн төлөө “Урагш Алхъя” төслийн цаашдын үйл ажиллагааг дэмжиж тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, эрхлэгч, сэтгүүлч нар сэтгүүл зүйн мерч бүтээгдэхүүн худалдан авах, сайн дураараа хандив өргөх зэргээр дараагийн байгууллагыг дэмжих олон нийтийн дундын Медиа сан байгуулж, анхны 4 сая төгрөгийг босгосон аж



Related news