Сөүлийн гудамжийг тохижуулах талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-29 10:43:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү БНСУ-ын Сөүл хотын Дунбү цэцэрлэгт хүрээлэнгийн Чөлөөт цаг өнгөрөөх төвийн захирал Ким Ин Сүг, БНСУ-ын Сөүл хотын захиргааны Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Чой Жон Сун нарыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр талууд Сөүлийн төгөл, Сөүлийн гудамжийн тохижилт, засвар, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов.


Сөүлийн гудамж нь Улсын драмын эрдмийн театраас Төмөр замын удирдах газар хүртэл 2.9 км үргэлжилдэг. 1996 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар ах дүү хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болгон Сөүл хотын нэрээр нэрлэсэн. Харин Улаанбаатар, Сөүл хот хоорондын 2009 оны “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Сөүлийн төгөл байгуулсан юм.


НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү “Улаанбаатар, Сөүл хот хооронд 1995 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш 2 хотын харилцаа, хамтын ажиллагаа боловсрол, эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлал зэрэг салбарт хөгжиж ирсэн. Хот нь иргэдэд чөлөөт цагаа өнгөрөөх эко, ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлд анхаарч ажилладаг. Улаанбаатар хот ч энэ чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Сөүлийн төгөл, Сөүлийн гудамжийн тохижилтод анхааран, хамтран ажиллаж байгаад талархаж байна” хэмээлээ.


Дунбү цэцэрлэгт хүрээлэнгийн Чөлөөт цаг өнгөрөөх төвийн захирал Ким Ин Сүг “Бид Сөүлийн төгөл, гудамжид эх, хүүхэд салхилах тухтай орчин бүрдүүлж, ахмад настнууд дасгал хөдөлгөөн хийх талбай байгуулна. Улаанбаатар хотоос ногоон байгууламжийг нэмж, модод тарьж өгөхийг хүсэж байна. Цаашдаа байнга хамтран ажиллаж, санал солилцоход таатай байх болно” гэсэн юм.


Нийслэлээс уг хүсэлтийг хүлээн авч, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сөүлийн гудамж, төгөлд мод тарин, ногоон байгууламжийг нэмэхээ илэрхийлжээ.

Related news