БАЯН-ӨЛГИЙ: Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг “дүүрэн хангалттай” гэж дүгнэв

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-29 10:30:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ, Ангиллын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймгийн Толбо суманд гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийг энэ сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Сургуулийн үеэр гамшгаас хамгаалах хууль тогтоомж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд 2 цагийн танхимын сургалт явуулав.


Мөн сумын удирдлага, Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнийг гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хамгаалах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн харилцан ажиллагааг сайжруулах зорилго бүхий гурван төрлийн цагийн байдалд ажиллуулав.


Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагч, аймгийн Онцгой байдлын газрын даргын орлогч, хошууч Ч.Цэгмэдээр ахлуулсан ажлын баг сургуулийн үйл ажиллагаанд 92 “А” буюу “дүүрэн хангалттай” үнэлгээ өглөө.

Толбо сум нь гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийг хийсэн тус аймгийн 8 дахь сум бөгөөд удахгүй уг ажлыг Баяннуур, Алтанцөгц, Булган суманд зохион байгуулах ажээ. 

Related news