БАЯН-ӨЛГИЙ: 15-34 насны залуу малчдын тоо буурч байна

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-10 15:18:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 15-34 насны залуу малчдын тоо буурч байна гэсэн судалгааг аймгийн Статистикийн хэлтсээс гаргав.

Аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2021 оны судалгаанд дурдсанаар тус аймаг нь 15539 малтай өрх, 9845 малчин өрхтэй. Малчдын тоо 14946 байна. Үүнээс 4747 нь 15-34 насны залуу малчид аж.

Судалгааны дүнгээс харахад 15-34 насны малчдын эзлэх хувийн жин сүүлийн жилүүдэд тогтмол буурч, 35 наснаас тэтгэвэрт гарах хүртэлх насныхны эзлэх хувийн жин өсөж байна. Тухайлбал, 2000 онд нийт малчдын 59.5 хувийг, 2020 онд 32.9 хувийг 15-34 насны залуу малчид эзэлжээ. Харин 2021 онд энэ үзүүлэлт 31.8 болж 1.1 пунктээр дахин буурсан байна.

Мал малладаг залуучуудын тоо жил бүр буурч байгаа нь хүүхдийг 6 наснаас сургуульд хамруулдаг болсноос хойш хүүхдээ дагаад хот суурин газар луу тэмүүлэх хандлага бий болсон, нөгөө талаар залуучуудын мал маллах сонирхол буурсан, бэлчээрийн хүрэлцээ муудсан зэрэг хүчин зүйлс нөлөөлж буйг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

 

Related news