ӨВӨРХАНГАЙ: Өсвөр насныханд олгож буй энтрепренершип боловсролын үр дүнг хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-21 20:31:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл”-ийн аймгийн зөвлөлийн тав дахь уулзалт өнөөдөр боллоо.

Уулзалтад зөвлөлийн гишүүд, хамтрагч байгууллагууд болон зорилтот сумдын удирдлагууд, сургуулийн захирлууд гэхчлэн 60 гаруй хүн оролцож, төслийн үр дүн, цаашид анхаарах асуудлаар туршлага хуваалцан санал солилцсон юм.

Дээрх төслийг Японы Хүүхдийг ивээх сангаас Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Богд, Гучин-Ус, Хархорин, Хужирт, Сант, Уянга сумын ерөнхий боловсролын 8 сургууль болон Насан туршийн боловсролын нэгжүүдэд 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Одоогоор тус төсөлд 857 сурагч хамрагдаж, энтрепренершип боловсрол буюу аливаа асуудалд бүтээлч сэтгэлгээгээр хандан шийдэл олж, тэрхүү санаагаа амжилттай ажил хэрэг болох хүртэл хөдөлмөрлөн удирдан авч явах ур чадварт суралцаж байна.

Сурагчид уг төсөлд хамрагдсанаараа багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх, илтгэх, төсөл бичих, судалгаа, дүгнэлт хийж сурах улмаар дижитал төхөөрөмж дээр ажиллах ур чадвартай болжээ. Эдгээр хүүхэд, залуусыг сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадвараа бодитоор туршихад нь дэмжлэг үзүүлж, бичил төслийн уралдааныг зарласан бөгөөд 364 сурагчаас 82 төсөл ирүүлснээс 17 төсөл шалгаран тэтгэлгийн санхүүжилт аваад байгаа аж.

Мөн Японы Хүүхдийг ивээх сангаас “Сургуульд суурилсан энтерпрайзыг туршин хэрэгжүүлэх сургууль”-ийг төсөл хэрэгжиж буй таван аймгаас сонгон шалгаруулсан бөгөөд Богд сумын ерөнхий боловсролын сургууль шалгарч, 90 сая төгрөг хүртэлх санхүүгийн тэтгэлэг авахаар болжээ.

“Хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшил рүү чиглэсэн сургалтын үйл ажиллагаа төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа энэ үед тодорхой зорилтот бүлгийг Олон улсын аргачлалаар хөгжүүлснээр ур чадварын болон харилцаа, хандлагын маш сайн өөрчлөлтүүд гарч байна. Мөн багш нарыг хүүхдүүдтэйгээ ажиллах, тэдэнд туслах аргачлалд сургахаас гадна хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн байгууллагууд, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулж байгаа. Тиймээс энэ төслийн үзэл санаа, арга барилыг төсөлд хамрагдсан сургагч багш нараар дамжуулж бусад суманд түгээн дэлгэрүүлэх, нутагшуулах ажлыг заавал хийх ёстой юм байна” хэмээн төслийн Аймгийн зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын орлогч С.Ундрах хэллээ.

Цаашид төслийн үр дүнтэй, тогтвортой байдлыг хангахын тулд орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, төсөлд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлж, хичээл завсардуулахгүй байхад анхаарах, ар гэр, эцэг эхийн дэмжлэгийг сайжруулах шаардлагатай байгааг төслийн зохицуулагч Г.Батцэцэг хэлж байв.

Төслийг зохион байгуулагч, хэрэгжүүлэгч хамт олон ирэх намар зорилтот сумдаас 408, мөн зорилтот бус Уянга, Хархорин сум, Политехникийн коллежээс 68, нийт 476 хүүхэд, залуусыг нэмж элсүүлэхээр төлөвлөж байна.



Related news