Аймгийн Засаг дарга Эрдэнэбулган сумын багийн Засаг дарга нартай уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-20 11:08:40
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга М.Батжаргал Эрдэнэбулган сумын долоон багийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа.
Эрдэнэбулган сумын гэр хорооллын гудамжнуудын засвар арчлалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан багийн Засаг дарга нарыг хариуцлагатай, санаачилгатайгаар хамтран ажиллахыг хүслээ.
Гэр хорооллын гудамж, талбайн засвар арчлалтын ажлыг энэ удаад төсвийн хөрөнгөөр бус компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийлгэхээр болсон байна. Эрдэнэбулган сум доторх хатуу болон хайрган хучилттай авто замын засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээний ажлын тендер зарлагдсан бөгөөд орон нутгийн авто замын сангаас 236 сая төгрөгийг төсөвлөжээ.
Эрдэнэбулган сумын багийн Засаг дарга нар аймгийн Засаг даргатай уулзах үеэрээ иргэдээс ирдэг санал хүсэлт, тулгамдаж байгаа асуудлуудаа танилцуулсан. Худгийн хүрэлцээ, багийн төв, орон сууцны дахин төлөвлөлт, хад асгатай зам, хүүхдийн цэцэрлэг зэрэг нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатайг хэлж байлаа.
Аймаг, Эрдэнэбулган сумтай хамтраад дээрх асуудлуудад шийдэл олохоо аймгийн Засаг дарга илэрхийлэв.
Багийн дарга нараас тавьсан саналуудад дараах хариултыг өглөө.
-Орон сууцны дахин төлөвлөлтийг тухайн байрны оршин суугчдын санал хүсэлт дээр тулгуурлан шийдвэрлэх боломжтой. Эхнээсээ шийдэгдээд явж байна.
- 4, 5-р багийн төвийг тухайн багт барих орон сууцны нэг давхарт төлөвлөж байна,
- 5-р багт “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын ордон барина,
- Тоскийн байр руу орох автомашины гарцыг цэгцэлнэ,
- Төв зам дагуух гэрэлтүүлгийг шинэчилнэ,
- 8 дугаар цэцэрлэгийн хойно буюу наадмаар хуушуурын гэр барьдаг газрыг тэгшитгэж засна,
- Хот тохижилтын газарт цэвэрлэгээ, усалгааны хоёр машин шийдвэрлэж байгаа гэх зэргээр шийдлээ олсон ажлуудыг хэллээ.
Related news