УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярыг зохион байгуулах комиссын гишүүдтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-17 16:28:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Илүү их уншъя” уриатай 31 дэх удаагийн номын баярыг зохион байгуулах комиссын гишүүдтэй өнөөдөр уулзаж, бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар санал солилцлоо.


Уг баяр энэ сарын 20-22-нд Сүхбаатарын талбайд болох юм. Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэх, баярын үеэр ном соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, тэр дундаа хүүхэд багачуудад зориулсан арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн гэж ажлын багийн гишүүд танилцуулав.


Энэ удаагийн номын баярт 400 гаруй байгууллага, хувь хүн оролцохоор зохион байгуулах комисст хүсэлтээ ирүүлсэн байна. Номын баярын хэвлэл мэдээллийн албан ёсны түнш байгууллагаар МОНЦАМЭ агентлаг, ТВ9 телевиз, Эрхэт Монгол медиа групп, дэмжигчээр МонНом апплейкшн ажиллаж байна.


Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2021 онд Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гарагт зохион байгуулахаар нэмэлт оруулсан юм.

Related news