Тедди Ринер: Би жүдогийн карьерын дараа хийх бизнесээ эхлүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-04 15:37:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын наадмын жүдо бөхийн 3 алтан медальт /үүнээс багийн 1 алт/, олимпын 2 хүрэл медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 10 алт, 1 мөнгөн медальт, Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний 5 удаагийн аварга Тедди Ринер Монгол Улсад 3 дахь удаагаа ирж хамтарсан бэлтгэл хийж байгаа билээ.


Алдарт бөх Тедди Ринер Монголын жүдо бөхийн холбооны шигшээ багийн зааланд хамтарсан бэлтгэл хийж байхад нь уулзсан ярилцлагаа та бүхэнд толилуулж байна.


-Та өнгөрсөн сард Бразилд хэвтээ барилдааны бэлтгэл хийсэн гэсэн. Монголд ирсэн хамтарсан бэлтгэлийн зорилго юу вэ?


-Тиймээ, миний хувьд 2024 олимпын циклийн анхны бэлтгэлийг Бразилд хийсэн, 2 дахь нь Улаанбаатарын энэ хамтарсан бэлтгэл болж байна. Монголд ирсэн шалтгаан гэвэл баг тамирчид болон монгол хүмүүс биднийг маш сайхан хүлээж авдаг. Мөн хамтарсан бэлтгэл хийх заал танхим болон орчин нөхцөл их таалагддаг. Монгол тамирчид маш чанартай, эрчимтэй бэлтгэл сургуулилтаа хийдэг онцлогтой тийм болохоор Улаанбаатарт 3 дахь удаагаа зорьж ирлээ.



-Та ирэх 6 дугаар сард болох Улаанбаатарын Их дуулга тэмцээнд оролцох уу?


-Үгүй, би оролцохгүй. Миний биеийн бэлтгэл хангалттай байвал хамгийн эхний тэмцээн 7 дугаар сарын 8-10-нд болох Будапештын Их дуулга байх болно. Харин Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч “Улаанбаатар Их дуулга” тэмцээнд намайг оролцоно уу гэсэн хүсэлт тавьсан болохоор яг эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа. Намайг хүндэтгэн хүлээн авсанд МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга танд хувиасаа маш их баярлалаа гэж хэлье. Мөн МЖБХ-ны хамт олон, хамтарсан бэлтгэл зохион байгуулсан ерөнхийлөгчид хувиасаа болон Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярлаж байдгаа хэлэхийг хүсч байна.


- Монгол бөхчүүдээс юу сурч, юу зөвлөхийг хүсч байгаа бол?


- Би ирээд 3 хоног бэлтгэл хийгээд байгаа. Монголын жүдочид их дайчин тулаанч чанартай. Тиймээс ч би өөрийн тулаанч барилдаанаа сэргээх бэлтгэл хийхээр Монголд ирсэн. Түүнээс арга техникээ сайжруулах гэж ирээгүй.


-Таны жинд одоо барилдаж байгаа хамгийн хүчтэй өрсөлдөгчдөө нэрлэнэ үү?


- Би өөрийн туршлагаасаа харахад тэр энэ гэж онцлохгүй, миний жингийн бүх л жүдочид сайн, өөрийн улсын шилдэг бөхчүүд. Тэдэнтэй бүгдтэй нь л хүч үзэж барилдана, тулалдана гэж хэлэх байна.




-  Таны олон жилийн өндөр амжилтын нууц юу вэ?


- Нууц гээд байх юм байхгүй. Тархи толгойгоо сайн ажиллуулж, хурдан сэтгэж чадаж л байвал амжилт гаргаж чадна гэж хэлмээр байна даа.


- Парисын олимпын аварга, алтан медалийн эзэн болно гэдэгтээ итгэлтэй байгаа юу?


- Би өөртөө итгэл дүүрэн байгаа. Хэрвээ би өөртөө итгэлгүй байсан бол манай баг, хамт олон аль хэдийн зогсолт хийх байсан болов уу.


- “Парис-2024” олимпын наадмын өмнө 2 ч ДАШТ байгаа энэ тэмцээнд болон тивийн болон ОУЖБХ /IJF/-ны цуврал тэмцээнээс та алинд нь оролцохоор төлөвлөсөн бол?


-Тиймээ, Миний хувьд одоогийн байдлаар ДАШТ болон Европ тивийн аварга шалгаруулах тус бүр нэг тэмцээнд л хүчээ сорихоор тооцоолж байгаа.


- Таны хувьд сүүлийн олимп “Парис-2024” байх гэсэн таамаг байгаа. Мөн олон жил жүдо бөхөөр барилдсан, зодог тайлаад та юу хийхээр төлөвлөж байна вэ?


- Тиймээ, миний хамгийн сүүлийн олимп. Би олимпын дараа яаж амжилтанд хүрч байсан шигээ өөрийн гэр бүлдээ цаг заваа зориулна. Би жүдогийн карьерын дараа хийх ажил, бизнесээ эхлүүлсэн байгаа. Энэ бол миний “Fight Art” брэндийн жүдогийн кимоно бөгөөд ОУЖБХ-гоор албан ёсоор баталгаажуулсан.


- Та хүүхэдтэй юу, хүүхдүүдээ жүдогоор хичээллүүлж байна уу?


- Би нэг хүү, нэг охинтой. Тэд жүдогоор хичээллээд эхэлчихсэн байгаа.




- Монголын жүдочдын барилдааны онцлогийн талаар юу хэлэх бол ?


- Монголчууд цээж барилдаанд маш сайн барилддаг, бас өөрсдөө түрүүлж их дайчин санаачлагатай барилддаг. Тиймээс энэ тулаанч чадварт нь болон бэлтгэл дээр заах арга зүй их сайн учраас бид танай сайхан орныг зорьж ирдэг.


-Та монгол үндэсний бөхөөр барилдаж үзэв үү?


-Би танай үндэсний бөхийг мэднэ, барилдаж чадна гэж бодож байгаа. /Тэр дэвж үзүүлсэн юм/ 





Related news