М.Мөнгөнцэцэг: Унтаж устсан биелгээгээ малынхаа тамганаас сэрээж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2022-04-04 15:45:49

-Малынхаа явдлыг мөрөөрөө илэрхийлдэг дэлхийд буй ганцхан үндэстэн-


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орон дахь хадны зургуудын эзлэх талбай, тоо хэмжээ, уран сайхны илэрхийлэл дэлхийд гайхамшигтай бөгөөд хамгийн эртнийх нь 40-100 мянган жилийн өмнөх үед хамаардаг. Өвөг дээдэс маань чухам ямар үнэ цэнт мэдээллийг өнө эртээс хад асгадаа тийнхүү мөнхөлж, дархалсныг өдгөө ч судалсаар, хойшид ч нэхэн тайлсаар байх биз ээ. Тэгвэл хадны зургийн судалгаанд нэгэн сонирхолтой чиглэлийг түүчээлэн гаргаж ирсэн, бүжиг дэглээч, СУИС-ийн багш М.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр саяхан “Хадны зураг, тамганы дүрсээс монгол бүжгийн хөдөлгөөн, нэршлийн гаргалгаа” сэдвээр урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалжээ. Уншигч авгай та нутгийнхаа хадан дээрх дүрс, малын тань тамга, өвөө эмээгийнхээ бүжиг гурвын чандманилсан холбоосыг түүний ярианаас олж тайлах ч юм билүү...  

-Монгол бүжигт хэмнэл, намба хамгийн чухал гэдэг. Харин та монгол бүжгийн онцлогийг хамгийн товчоор хэрхэн илэрхийлэх вэ?

- Би 43 дахь жилдээ монгол бүжгийн урлагт сурч боловсорч, түүгээр хүмүүжиж, улмаар  сурснаа бусдад уламжлуулж яваа хүний нэг. Практикаас харахад монгол бүжиг нэгдүгээрт, байгалийн үзэгдлийг илэрхийлсэн байдлаараа онцлог. Байгалийн тогтоц, уул хад, овоо тахилга, ус ундарга, тэнгэр газартайгаа холбоотой байдаг. Хоёрдугаарт, ан амьтан, мал аж ахуйтайгаа холбогддог. Тухайлбал, баавгайн, тэхийн, янзаганы, тэмээний, бас таван хошуу малтай холбоотой биелгээ болон бүжгүүд их байдаг. Гуравдугаарт, нүүдэлчин монголчуудын ахуй байдалтай холбоотой. Дөрөвдүгээрт, үлгэр, домгийн, шашны үзэгдэл ойлголтуудтай холбоотой. Чухам эдгээрээс л монгол бүжгийн бусдаас ондооших ялгаа харагддаг. Нэг талаасаа содон сонин, нөгөө талаас нэн өвөрмөц. Харин хэмнэлээр ярих нь өрөөсгөл ойлголт гэж миний хувьд хэлэх байна. Мэдээж монгол төрх, онцлогийг харуулсан ая аялгуу байлгүй л яах вэ.


- Монгол уламжлалт бүжиг хэр хурдан хэмнэлтэй байдаг юм. Уртын дуу шиг бусдаас ондооших тийм нэг ая аялгууны хэм хэмнэлтэй зохицсон байдаг уу?  

-Манай Монголын уламжлалт бүжигт тэмээний тухай, морины бүжиг хурдтай шүү.

- Орчин цагийн тайзны монгол бүжгийг үүсгэн хөгжүүлэх үеэс хөлийн хөдөлгөөн эрчтэй орж ирсэн гэж ойлгож болох уу. Тэмээний, морины бүжгүүд уламжилж ирсэн нь яг ямархуу байдаг вэ?

-Ховд аймгийн Манхан сумын Хойд цэнхэрийн агуй доторх зурагт тэмээний зураг маш содон тод байдаг. Тус зурагт тэмээ, арслан заан, тэмээн хяруул, буга, зэрлэг үхэр зэрэг амьтад бий. Эдгээр нь 40 мянган жилийн өмнөх үед холбогддог. Ер нь хүнд ойрхон байдаг тэмээ, морь л гэхэд Монголын эртний урлагт тусгагдсан байхаас гадна, хөлийн явдал нь аливаа амьтдаас содон, онцгой тул бүжгээр илэрхийлэх боломжтой. Ялангуяа тэмээний намбалаг бөгөөд донж орсон хөдөлгөөнийг цээжин биеэр илэрхийлэхэд хавирган хаялгаар буюу бүх биеэр хайвганах байдлаар дүрслэгддэг. Эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн биелгээн дотор “Хавирган хаялга” гэдэг алдартай хөдөлгөөн бий. 

-Морь унаж яваа хүний хөдөлгөөнөөс биелгээ үүссэн гэж бичсэн байх юм билээ...?

-Ахуй амьдрал нь морьтой холбоотой болохоор хатираа, жороо, шогшоо зэрэг морины явдалтай таарсан хөдөлгөөн биелгээ  бий. Монголчууд малынхаа явдлыг мөрөөрөө илэрхийлдэг дэлхийд байгаа ганцхан үндэстэн. Мөрөөрөө жороо мориныхоо явдлыг, тэмээнийхээ жонжих, тэших янз байдлыг илэрхийлдэг тул монгол бүжигт цээжин биеийн хөдөлгөөн давамгай байдаг. Д.Нанжид багш маань бидэнд монгол бүжиг бүжиглэж байгаа хүний бие нь хөдөлж байхад сэтгэл нь дуулж байдаг гэж сургадаг байсан.

Баруун монголчууд маань бас “Бийгээн биелээд биеэн зайлъя” гэдэг нь хүний биеийн долоон үе, дотоод ертөнцөөрөө биелгээгээ биелээд гаднаас авсан ямар нэг вирус, магадгүй өнөө үед агаарын бохирдлыг ч гадагшлуулах увдистай гэсэн үг  юм даа.

-Бидний өнөөгийн сайн мэдэх “Аягатай бүжиг” хаанаас үүсэл гарвальтай вэ. Мөрнөөс дээш хэсгийг хөдөлгөлгүй бүждэг монгол бүжгийн тэр нэг онцлогийг харуулдаг байх, тийм үү?

-Ард олны найр наадаан дээрээс үүссэн гэж үздэг. Жишээ нь, Захчин түмэн модон аяганд айраг хийгээд биелүүлдэг байжээ. Биелж байхдаа толгой, хөл хөдлөхгүй, харин мөр, цээжин биеэр хөдлөн биелнэ. Айргаас нэг дусал асгарвал аягатай айргаа бүгдийг ууна, дахиад “елхэндэг, елхэндэг” гээд биелнэ, асгарвал найраас хасагдах зэргээр биелдэг байх нь ээ. Энэ бол эр хүний биелгээний ур чадварыг харуулсан бүжиг. Харин хүүхнүүд аягатай сүүг толгой дээрээ бус хоёр гар дээрээ тавиад биелнэ. Монголчууд аяга хэзээ ч давхарлаж биелдэггүй юм билээ.

-Аяга давхарлаад бүжиглэж л байдаг биш үү?

-Социализмын үеэс эхлэн уран сайхны аргаар, улам баяжуулаад зохиомжит бүжиг болгоод гаргаж ирсэн. Бидний багад аяга битгий давхарла, хоёр давхар малгай тавьдаггүй биз дээ гээд ахмадууд их дургүй байдаг байсан.

-Тэгэхээр мэдээж морины бүжиг хамгийн их уламжлагдаж ирсэн гэж ойлгож болох уу. Уламжлалт бүжгүүд хадан дээр яаж дүрслэгдсэн байдаг вэ?

-Тийм ээ, морины бүжиг хамгийн баялаг. Тэр утгаараа хадан дээр морины зураг их байдаг. Гэхдээ хадан дээрх зургуудад янгир, тэхийн тухай дүрслэл хамгийн элбэг байдаг. Тэгвэл захчин түмний сариг тэхийн биелгээг дээхэн үед их биелдэг байж л дээ. Одоо харин биелэхээ болиод товшуур тоглож байгаа баруун гарынхаа дунд хуруунд утсаар холбон модоор хийсэн “Сариг тэх”-ийг хөдөлгөн “бүжиглүүлж” хүүхдүүдийг хөгжөөдөг болсон байна.

-Монгол тэх уулын оргил өөд мацсаар өндөр дээр гаруут эх нутгаа нэг сайхан халиагаад эврээ даалгүй нисдэг. Бусад газрын янгир тэгдэггүй л байгаа юм даа гэж Б.Явуухулан гуай алдарт “Тэхийн зогсоол”-оо биччихээд ярьсан гэдэг. Тэгэхээр тэхийг хадан дээр хүртэл дүрслээд байдаг нь учиртай аж. Уран нугаралт, монгол бүжгийн хооронд холбоо байдаг уу, нэг нь нөгөөгөөсөө үүссэн байж болох уу?

- Яг наад асуултад тань хариулт хайж би Ховд аймгийн Цэцэг суманд очиж байсан. Эмээгийн маань нутаг л даа. Аав маань Ховдын Мянгад нутгийнх. Ховдынхоо хад агуй, байгалийн тогтцыг, тэр нутагт төрсөн хүний бие хаа ямар байна гэж антропологи талаас нь мэргэжлийн судлаачид судалсан байгаа. Цэцэг сум тэр чигээрээ нугараачид төрсөн нутаг. Дэлхийд нэг нутгаас ийм олон уран нугараач гарна гэдэг үнэхээр сонин. Ардын язгуур урлагийн наадам болоход Цэцэг сумынхан нугарч байхдаа биелж л байдаг. Цэцэг сумын бүжигчид 99 хувь нь их уян байдаг. Содон сонин байгалийн тогтоцтой нь холбоотой байх. Миний хоёр охин ч нугардаг, нугарч байгаад л биелнэ. Одоо зээ нар маань бас нугарах гээд л сандаргаад байна.../инээв/

Ховдын Булган сумын торгуудууд олуулаа биелэхэд өөр өөр намба гаргадаг. Хүн хүний бие бялдар, оюун ухаан, билиг авьяас, хөдөлгөөний хэмнэл зүй нь өөр байдагтай адил бий биелгээ давтагддаггүй.

- Нэг үгийг нутаг нутгийнхан өөр өөрийн дуудлагаар уншиж болдог үндэсний монгол бичиг шиг биелгээг мөн “эрх чөлөөтэй урлаг” гэж хэлж болох мэт. Гэхдээ биелгээнд барагтай хүний хийхэд хэцүү хөдөлгөөн байх уу?

-Бараг байхгүй дээ, биелгээний нам суудал /гүн суух/ хүндхэн асуудал байдаг гэж одоо үед хүмүүс хэлдэг. Ер нь монгол хүнд биеэ хөдөлгөн биеэ зайлахад цаанаа л нэг эвлэгхэн зохирон харагддаг. Гадаадын хүнд яаж ч заасан тийм зохицолтой харагддаггүй.

Ер нь бол тайзан дээр хоёр давхар дээл өмсөөд биелж байгаа хүний баруун дал нь илүү хөдөлж байна уу, хавирга нь хөдөлж байна уу гэдгийг ерөнхий галбираас нь, биелж байгаа байдлаас нь хараад хэлж болдог. Тийм учраас солгой хүнийг биелгээнээс нь таньж болно. Солгой хүний аль аль нь сайн хөдөлнө, эсвэл солгой тал нь илүү хөдөлнө, мөр нь ч тэр, дал нь тэр, хавирга нь ч тэр.

-Их сонирхолтой юм байна. Тэгвэл төвийнхний биелгээ ямар онцлогтой байдаг вэ?

- Би түрүүнд хэлсэн, баруун монголчууд бий биелгээндээ морины явдлыг мөрний цохилго, хаялга, цээжин биеэр илэрхийлдэг гэж. Тэгэхээр баруун монголчуудын адуу малтай ноцолддог, айраг уудаг, хурууд бэлддэг гээд ахуй амьдрал нь төв болон зүүн монголчуудтайгаа адилхан шүү дээ. Харин Манжийн дарангуйлалд 100 жилээр хожуу орсон учир одоогийн баруун монгол маань зарим нэг өв соёлоо аваад үлдэх боломж байсан гэдэг. Тэгвэл төв халх, зүүн монголд тэр болгонд  нуугдаад, дүрвээд зугтаад байх арга байгаагүйгээс болоод зарим өв соёлоо устгуулж, нум сум, алт мөнгөн урлал, ном судар, түүхэн эх сурвалжуудаа шатаалгаж, манж маягаар амьдрах бодлого дор 250 гаруй жил болсон. Энэ бол удам судраа, өв соёлоо алдах урт хугацаа. Гэхдээ ганц хоёр ч гэсэн түүхэн эх сурвалж өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн учраас тэнд нэг өгүүлбэр, нэг сэжүүр болгох баримт үлдсэн нь бидэнд их үнэ цэнтэй байна.

-Та бидний яриа түүх рүү орлоо. Тэгвэл хамгийн эртний ямар бүжгийг одоо бүжиглэж байна вэ?

-Миний анзаарч байгаагаар монгол тойрон бүжиг.

-Тойрон бүжиг тасалдчихсан биш үү?

- Тийм ээ, гэхдээ 2010 оноос хойш эртнээс эдүгээ хүртэлх тойрон бүжгийг судлан, эх баримтад тулгуурлан “Натур данс“ бүжгийн продакшны уран бүтээлчдэд “Тэнгэрийн тойрон бүжиг”, “Нарны тойрон бүжиг”, “Галын тойрон бүжиг” гэх мэт долоон төрлийн тойрон бүжгийг зааж, сүүлийн 10 жил олон нийтэд зааж сурталчилсан. Гурван жилийн өмнө гэхэд л Хүмүүнлэгийн их сургуулийн 500 гаруй оюутанд заасан.

Хүмүүс буриадын ёохор уу гэж асуудаг л даа. Мэдээж холбоотой, гэхдээ биеэ даасан том ертөнц. Монголын Нууц Товчооны 57 дугаар зүйлд Хотулаг хаан өргөмжилсний дараа ”Хавирга газрыг халцартал өвдөг газрыг өлтөртөл...” гэж хоёрхон мөр өгүүлбэр бий. Монгол бүжгийн урлагийн эх үүсгэлийн нэг хэсэг хаана байна гэдгийг тэндээс гаргах боломж олдсон. Тэгэхээр тойрон бүжиг нь өөрсдөө дуугаа дуулаад бүжиглэдэг дуулалт бүжиг байсан байна. Хоёрдугаарт, тусгаар бүлэг хүмүүс нэгэн том гүрнийг бий болгох утга бэлгэдлээр эв нэгдэл, хэн ч халдашгүй бат бэх байдлыг илэрхийлдэг байжээ.

Харанхуйд гэрэл гэгээ, эерэг илч авах зорилготойгоор, нарыг бэлгэдэж гал асаан түүнийгээ тойрон сууж, босож, дэвхцэж харайж, бие биеэ харж амьдралын бахдалыг авдаг байсан байна. Тойрон бүжигт нэг хөдөлгөөнийг олон давтдаг онцлогтой. Физикийн давтамжийн хуулийг гаргахдаа тойрон бүжгийг хэрэглэсэн байдаг. Эрдэмтэд тойрон бүжгийг физик, геометр, антропологи, хөдөлгөөний анализ талаас нь маш их судалсан.

-Тэгвэл Агсал, цацал зэрэг  бүжиг өнөөг хүртэл анхны хувилбараараа ирсэн гээд байдаг нь ямар учиртай вэ?

-Агсал биелгээг М.Пүрэвжал гуай биелдэг байсан гэдэг. 1947 онд бүжиг дэглээч Романовский тайзны уран бүтээл болгон бүжигчин Д.Булхүүд зохиомжлон өгч Олон улсын урлагийн наадмаас алтан медаль хүртсэн бүжиг л дээ. 

-Тэгэхээр тойрон бүжгийг хадны зургаас яаж таньж болох вэ?

-Тойрон бүжиг нь хүн төрөлхтний түүхийн эртний үеэс уламжлагдаж ирсэн бүжгийн үүсэл байх магадлалтай бөгөөд хүмүүс бүжиглэж эхэлснээс хойш амьдралын нэг хэсэг байсаар ирсэн.

Монголд илэрсэн дөрвөлжин булшны том том чулуун хадан хашлагууд дээр олон олон хүнийг нэг дор зурсан байдаг. Археологич эрдэмтэд өөр өөрийнхөөрөө тайлбарласан. Гэхдээ энэ бол тойрон бүжиг байх магадлал өндөртэйг миний уулзсан, Монголын урдаа барьдаг Д.Цэвээндорж, Д.Эрдэнэбаатар, Ц.Төрбат, Н.Батболд, Ю.Болдбаатар нарын эрдэмтэн хариулсан. Баримтат кино ч хийсэн байна.


Өнөөдөр бид хөдөөлүүлж байгаа хүнээ гурав тойроод салах ёс гүйцэтгэдэг нь тойрон бүжгээс гарвальтай.


Гэтэл өрнөдийнхөн гар гараасаа бариад гурван удаа тойрдог. Африкт мөн адил тойрон бүжиглэж, эргэн төрөхийг бэлгэдэж нулимсаар бус баяр хөөрөөр холын замд нь үддэг юм байна. Ж.Ж.Фрейзер “Алтан гишүү” номдоо тариаландаа ойрхон газар түүдгээ асаагаад гурван шөнө галын наадам хийж бүжиглэдэг, тэгэхдээ мөн нөхөн үржихүйтэй холбоотой зан үйл үйлддэг тухай бичсэн байдаг. Гэтэл манай дөрвөлжин булшны ханан дахь зургийн төгсгөлд нь нөхөн үржихүйн зураг байдаг. Хөдөөлүүлж байгаа хүнийг эргэж төрөөсэй гэдгийг бэлгэдсэн зан үйл үйлддэг байсантай нь холбоотой юм шиг байна гэдгийг эрдэмтэд хэлдэг. Энэ талаар Ю.Болдбаатар гуай тодорхой дурдсан нь бий.


Энэ бүхнийг судалж явсаар байгаад би таван тойрон бүжиг гаргасан. Би бий биелгээ зааж яваад хадны зураг руу, хадны зургаа судалж явсаар адууны тамга руу, адууны тамгаа судалж явсаар тойрон бүжиг рүү орсон доо. Энэ судалгаагаа 1998 оноос хойш огт таслаагүй, Австрид байхдаа ч өрнөдийн хадны зургийн судалгаагаа үргэлжлүүлсээр байсан. Тэгээд би 2008 онд “Хадны зураг дахь бүжиг дүрсэлгээ” сэдвээр магистр хамгаалсан.

С.Дулам багш миний докторын ажлыг удирдсан, 2015 оноос манай сургуулийн профессорын багийн ахлагчаар ирээд, судалгааг минь сонсоод их урам өгсөн. Тэгээд багш маань Хадны зурагтай холбоотой өгүүллүүд бичсэн. “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” төсөл оруулсан нь судалгааг маань олонд хүргэхэд нөлөөлсөнд талархаж явдаг даа.

-Бидний яриа гол сэдэв рүүгээ орлоо. Бүжгийн дүрслэл хамгийн их хадны зураг хаана байдаг вэ?

-Ер нь хадны зурагт бүжгийн дүрслэл их бий. Хадны зураг болон дөрвөлжин булшны хадан дээрх олон хүний хэлбэрүүдээс бүжгийн хөдөлгөөнийг гаргаж ирэх боломжтой дүрс их байдаг. Тэгэхдээ дүрс болгоныг бүжиг гэж томьёолоод байж болохгүй л дээ. Хөдөлгөөнтэй зураг бүхнийг түүж аваад судална. Морь унасан хүн нь урагшаа тэмүүлсэн байна уу, хажуу тийш харсан байна уу, мод, сэлэм барьсан байна уу, хэлбэр нь ямар байна гэх мэтээс гаргалгаа хийх боломж байна.

Шинжлэх ухааны үүднээс бол, энэ дүрс яг аль нутагт байна, ямар хадан дээр байна, хэлбэр нь ямар байна, зосон будгаар байна уу, сийлбэрлэсэн байна уу гэдгийг биеийнх нь хэлбэр галбираас харах боломжийг онолын үүднээс харж, судалж болдог болсон байна. Миний явсан газруудаас Ховд, Баянхонгор, Хэнтий аймаг дахь хадны зурагт хөдөлгөөнт дүрс элбэг байдаг.

-Дэл уулын хадны зураг бол гайхамшигтай. Хагас мянга шахам зурагтай энэхүү өвд л гэхэд бүжиглэж буй 32 хүний зураг байдаг гэсэн...?

- Миний ээжийн нутаг л даа. Би олон удаа очсон. Дэл уулын хадны зургаар мөн ч их бүтээл хийсэн дээ. Тэнд их энергитэй, очихдоо их зүүдэлнэ, заримдаа инээж сэрнэ, айж сэрнэ.

- Тэгвэл тамганы дүрс бүжигтэй яаж холбогдох вэ?

- Х.Пэрлээгийн “Монгол түмний гарвалийг тамгаар хайж судлах нь” бол миний ширээний ном. Бидний өдгөө хэрэглэж байгаа тамганууд хадан дээр байна. Тухайн үеийнхээр нь болбол тэмдэг, магадгүй дохио, ямар нэгэн илэрхийлэл байгаа байхгүй юу. “Энэ бол манай нутаг, энд манай овог аймаг байсан” гэдэг тэмдэг тотем ч юм уу. Тухайлбал, Мянгад сумын нутагт туухай тамгатай адуу их байдаг. Тэгвэл тэр тамга хадан дээр нь байна.

Малын тамга Монголд судлагдаад 200 гаруй жил болсон байна лээ. Мянгад биелгээг би сэргээх үүднээс мянгад угсаатны ахмадтай уулзаж байсан. Намайг бага байхад аав, ээж, өвөө маань биелдэг байсан, би биелэх биш дээ, нүдэнд маань л харагддаг гэж ярьж суусан. Та дүрсэлж хэл дээ гээд, хэлснийг нь хөдөлгөөнд оруулаад хийж үзүүлэхэд туухай тамгатай төстэй хөдөлгөөн ороод ирж байгаа юм. Яг түүнтэй адил захчин түмний амьдардаг нутгаар явахад дэгрээ тэмдэг их байдаг. Наашлаад дөрвөд угсаатны бүлгийн хүмүүс амьдардаг нутгаар ороход хадан дээр нь байгаа дэгрээ тэмдэг дүрс нь адууны гуянд, бий биелгээнийх нь үндсэн хөдөлгөөнд байгааг олж ажигласан.


Өөлдүүд гэхэд өөрсдийгөө Галдан бошготын өөлдүүд гэж их огшино, малын голлох тамга нь гал хэлбэртэй. Тэр тамга нь биелгээнд нь байна. Мөн хадан дээр нь гал хэлбэртэй дүрсүүд байдаг.  



Өөлд самгануудтай уулзахад, бид биелгээ хийхэд хориотой байсан, мөн хөгжмөө тоглохгүй ч дуугаа дуулаад яваад ирсэн гэж ярьдаг. Өөлдүүд чинь эр хүйстэн болгоныг нь хүйс тэмтэр гэсэн тушаалтай байсан, түүнээсээ болоод хар хувцас өмсдөг ард түмэн гэдэг шүү дээ. Өөрсдөөр нь хэлүүлээд хөдөлгөөнийг дуурайж хийхэд нулимс нь гараад миний хүү наад гал тамган биелгээгээ заагаад уламжлуулаад өг, тэгж амлавал би сэтгэл амар нойрсоно гээд өөлдийн нэг самган нэлээн уйлсан даа, хөөрхий.

Энэ маягаар бид ерөөс тамгаараа дамжуулаад бүжгийн урлаг, тэр тусмаа устаад, унтаад алга болсон биелгээг сэргээж, бүр зохиомжлоод гаргаж ирж болох юм билээ. Би мартагдаж орхигдсон өөлд биелгээ, мянгад биелгээг зохиомжлон гаргасан.

-Нутгийнх нь хадан дээр байгаа дүрс, малынх нь гуянд, тэгээд цэнгэн нааддаг бүжигт нь байгааг илрүүлэхэд олон жилийн ажиглалт судалгаа шаардсан нь ойлгомжтой. Бүжигчин хүн байнга хөдөлгөөний эрэлд мордож байдгаас ийм сонин судалгаа руу орсон байх гэж санагдлаа... ?

-Тэр бол яг үнэн, дээрээс нь яагаад ийм хөдөлгөөн байх ёстой, үр дүн, ач холбогдол нь юу вэ гэдгийг бүжиг дэглээч хүн судалдаг байх үүрэгтэй. Гэхдээ худал хуурмаг юм гаргаж болохгүй, хооронд нь хөг ая, дуу, хөдөлгөөнийг нь холилгүй, өөрийнх нь нандин утсыг л барьж авах ёстой юм. Тэгвэл алтнаас илүү үнэтэй зүйл болно.


- “Саальчин” бүжгээс л гэхэд монгол эмэгтэй хүний төгс гоо сайхан харагддаг. Дэлхий дээр малаа адгуулж саалиа саадаг ямар ч улс үндэстэн ийм бүжиг дэглээгүй гэж олон улсад үнэлж байсан юм билээ. Тэгвэл өнөөдрийн бид хоёрын яриа биелгээний гайхамшгийн талаар байлаа...?

- Миний хувьд, тамган биелгээг олон түмэнд зааж сургах, дэлхийн монголчууддаа сургах, олон улсад гаргах нь үхтлээ хийх энэ насны минь хүсэл зорилго юм. Өргөн утгаараа, найр хурим дээр тойроод бүжиглэж байгаа улсууд биелгээгээрээ бие биеийнхээ удам угсаа, овог аймгийг таньдаг байх нь цус ойртолтоос ч сэргийлэх ач тустай. Монгол түмнээ хадгалж авч явах бор хайрцгийн нууц гэх үү дээ...

-Та бол тамган биелгээгээр монгол бүжигт “өөрийнхөө тамгыг даржээ”. Хү хамтлаг монгол язгуур урлагийг дэлхийд таниулж явна. Тэгвэл гар хөл, мөр цээж бүх бие оролцон бүжиглэдэг тийм уран гайхамшигт монгол бүжиг яагаад гарч болохгүй байна?

- Монголд бүжгийн ухааныг гаргасан, дотоод ертөнцийг илэрхийлсэн мундаг мундаг бүтээлүүд байна. Тэдгээрийг Орос руу юм уу, Хятад руу гаргахад гайхширч хүлээж авдаг. Аль ч улсад уралдаан тэмцээнүүдэд оролцоход хамаг медалийг нь түүгээд ирэх боломж байна. Гэтэл юу нь болохгүй байна гэхээр, бүжгийн үнэлэмж дутаад байна. Бүжиг дэглэдэг хүмүүс ховор байна. Сүүлийн үед залуус гарч байгаа боловч, судалгаа дутагдалтай байна, судалгаан дээр хөрөнгө дутаж байна. Би 20 гаруй жил судалгаа хийхэд өөрийнхөө л мөнгөөр явж байна.

Социализмын үед салбар болгон дээр орос, болгар гадаад мэргэжилтэн ажиллаж байсан. Бид тэдний бүжгийг дэндүү их сурсан.

Ц.Сэвжид, Ж.Жамьяндагва нар гадаад хүмүүсийн зөвлөгөөн дээр өөрсдийн ухааныг нэмээд монгол ахуй дээр гаргасан бүтээлүүд нь өнөөдөр ч гайхамшиг хэвээр байна. Гэхдээ ингээд байлгаад байвал бид зогсонги байдалд орно.

Өнөөдөр бид олон улстай хөл нийлэхийг хүсэж байгаа бол модерн урсгалыг язгуур урлагтаа уламжлал шинэчлэл дээр хослуулж тавибал дэлхийд гаргах боломж байгаа юм. Жишээ нь, Хүннүгийн үеийн археологийн олдвороос гаргаж ирвэл бас их содон. Мөн бүжгийн ном бусад урлагийн номоос арай дутмаг байдаг. Яагаад гэвэл, хөдөлгөөнийг үг болгоод бичих хүндрэлтэй, цаг хугацаа их шаарддаг.


-Дэлхийд алдартай, Оросын А.В.Александровын нэрэмжит чуулга гэхэд ардын урлагийг тайзан дээр гаргаж, жинхэнэ авьяастнуудыг цуглуулж чадсанаараа амжилтад хүрсэн. Өмнөд хөршийнхөн Тогосын бүжгийг Юнаниас л харна гэж сурталчилж олон жуулчин татдаг юм билээ. Манайд тийм сурталчилгаа хэрэгтэй биш үү?

-Тийм шүү, бидэнд менежмент, маркетинг их дутагдалтай байдаг. Зүүн Монголын бүжиг намбалаг байдаг. Зүүн Монголоос олон сайхан хатан төрсөн шүү дээ. Сүүлчийн хатан эх Дондогдулам Баян-Адаргаас гарсан. Тиймээс тэр нутгаас төрөн гарсан хатдыг төсөөлөн бодоход намбалаг байхаас аргагүй. Малгайндаа 25 кг гоёлтой үзэмчин хүн дэвхцээд, гүйгээд байх уу. Мөн зүүн монголчуудын бүжгээс адуу малтайгаа ноцолдож байгаа эр хүний ахуй харагддаг.

Буриадуудаас хатираа Ёохор, хурганы арьс булаацалддаг тэр сайхан наадаан, харин төв Монголоос хатдын сайхан эрхэмсэг байдал, дээрээс нь морьдын давхиа хөнгөн хөнгөн үсрэлт, жононгийн биелгээнүүд, хавт харвааны донж, говийн зэрэглээнээс гарсан үелзүүрийг олж харна. Үелзүүрээс мөн манан будан, салхи, элс, агаарын сайхан амт мэдрэгдэнэ.

Баруун Монголын бүжигт өнөөдөр би гүү саасан, нүүрээ будсан, үйл урласан, цацлаа өргөсөн гэх байдлаар өдөр нь ахуйдаа хийсэн зүйлээ тайлагнадаг. Есөн нүхтэй цацлын халбагаар төв монгол цацлаа өргөдөг бол, баруун монголын угсаатнууд цацал биелгээг өөрсдийнхөө ахуйн онцлогт зохируулан биелгээний намба дээр суурилан биелдгээрээ онцлог юм

Бүжиглэхийг халимаг, тува нар биелнэ, якутад үсэргэнэ, буриадад хатрана, өвөр монголчууд савардана гэж ярьдаг. Халхчууд дэвхэцнэ гэдэг байсан байна. Энэ бол нэгэн уулын орой дээр уулзахдаа бүжиглэнэ гэсэн нэг л утга төгөлдөртэй.

За тэгээд олон улсад гарч чадахгүй байгаа нэг шалтгаан нь орос бүжгийн хөдөлгөөнтэй монгол бүжгийн хөдөлгөөнөө холиод байгаа нэг тал бий. Оросууд манай бүжгийг хараад сурахад амархан, гар хөлний тавилт биднийхтэй адил юм байна гэх гээд байдаг.   

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news