УДБЭТ 63 дахь улирлын тоглолтоо маргааш нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-26 17:12:21

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 63 дахь улирлын тоглолтоо нээхэд бэлэн болжээ.


Энэхүү улирлыг тэд маргааш “Orchestra Night III” сонгодог хөгжмийн тоглолтоор эхлүүлэх аж. Хоёр өдөр үргэлжлэх уг тоглолтод Францын хөгжмийн зохиолчид бүтээлээ толилуулж, залуу уран бүтээлч, гоцлоочид оролцон соло хөгжимдөнө. Энэ жил Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус улсаас хийлч, төгөлдөр хуурчид ирэхийг УДБЭТ-ын удирдлагууд хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Тэд манай хөгжимчидтэй хамтарсан тоглолтоо ням гарагт толилуулах юм байна. Түүнчлэн ирэх сарын 4, 5-нд Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурь, 10-12-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгээр үзэгчдийн мэлмийг баясгаж, сонорыг мялаах аж.


Энэ талаар УДБЭТ-ын захирал Д.Алтанхуяг “Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурийг 10 дугаар сарын 4, 5-нд тоглоно. Тус дуурь яах аргагүй үүх түүхээ эргэж сөхсөн, үндэсний сонгодгуудыг алдаршуулсан агуу бүтээлүүдийн нэг. Бид энэ жил “Хунт нуур”-ыг зургаан удаа тоглох гэж байгаа. Аравдугаар сарын 10-12-нд гурван өдөр тоглоод үргэлжлүүлэн долоо хоног завсарласны дараа ирэх сарын 24, 25, 26-нд “Учиртай гурван толгой” гарна хэмээн ярьжээ.


Ташрамд дурдахад, гавьяат жүжигчин Б.Саруул “Хунт нуур” бүжгэн жүжгийг Монголын тайзнаа тавьсны 50 жилийн ойн тоглолтод цагаан хунгийн дүрд тоглохоор бэлтгэлдээ орсон байна. 

Related news