Дөрвөн сумын 1108 толгой мал шүлхийгээр өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-11 22:00:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчин дахин гарч, 4 суманд 5 голомт үүсээд байна.

Тухайн бүсэд 71 өрхийн 1271 үхэр, 10768 хонь, 7834 ямаа буюу нийт 19872 толгой мал байгаагаас 16 өрхийн 195 үхэр, 660 хонь, 253 ямаа, нийт 1108 толгой мал шүлхийгээр өвчилжээ. Аймгийн Мал эмнэлгийн газраас 20214 толгой малыг вакцинжуулж, 56450 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийгээд байна. Мөн Хархорин, Өлзийт, Баян-Өндөр, Хайрхандулаан суманд 5 суурин пост, 4 хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж, сэжигтэй бүсэд байрлах Бат-Өлзий сумын 17 өрхийн 6 мянга гаруй малд хамгаалалтын бүс тогтоон вакцинжуулах ажлыг эхлүүлээд байна.

Өвөрхангай аймагтай хил залгаа Өмнөговь, Дундговь, Архангай, Булган аймгийн 7 суманд малын шүлхий өвчин тархаж, зөөвөрлөгдөн ирж байгаа учраас өвчний голомт бүхий нутаг өвөлжиж, хаваржихаар очсон малчин өрхүүдийн судалгааг гаргах, голомттой бүс нутгаас зорчиж буй мал, амьтан, малын гаралтай түүхий эд тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, хурдан морь, тэмээний төрөл бүрийн уралдаан, тэмцээн, нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх үүргийг аймгийн Засаг даргаас холбогдох албад, сумдын Засаг дарга нарт өглөө.

Related news