Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг энэ сарын 25-нд товлохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-11 12:53:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор УИХ-д тангараг өргөх ёстой бөгөөд тангараг өргөх товыг УИХ тогтоодог байна. Энэ дагуу сонгуулийн дүнгээр олонхын санал авсан У.Хүрэлсүхийг энэ сарын 25-ны 11.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргүүлэхээр тогтоолд тусгасан байна. Уг тогтоолыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтов.


Ерөнхийлөгч, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д тангараг өргөдөг байна.

Related news