ЭМГЭНЭЛ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-05-28 18:26:31

ЦЭРЭНГИЙН СҮРЭНЖАВ

(1954-2021)


Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, орчуулагч, хятад судлаач, МОНЦАМЭ агентлагийн ахмад ажилтан Цэрэнгийн Сүрэнжав   2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.


Ц.Сүрэнжав нь 1954 онд Ховд аймгийн Булган сумын нутаг “Далтын ам” хэмээх газар төрсөн. Тэрбээр 1962-1972 онд Ховд аймгийн Булган сумын  10 жилийн дунд сургууль, 1972-1977 онд Монгол Улсын Их Сургуулийг монгол хэл, уран зохиолын багш, хятад хэлний орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. Мөн БНХАУ-ын Шэньян хотын Ляонингийн их сургуульд хятад хэлний мэргэжлээ дээшлүүлжээ.


Ц.Сүрэнжав нь 1977 оноос Монголын радио, телевизийн улсын хорооны Гадаад нэвтрүүлгийн ерөнхий редакцид хятад, орос хэлний орчуулагч-редактор, Ерөнхий редактор, МРТУХ-ны коллегийн гишүүн, комиссын дарга, Монголын радиогийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, 1992-2014 онд МОНЦАМЭ агентлагийн Бээжин дэх тусгай сурвалжлагчаар гурван удаа томилогдон ажилласны зэрэгцээ тус агентлагаас хятад хэлээр эрхлэн гаргадаг “Монголын мэдээ” сонины эрхлэгч, улс төрийн тоймч, Ерөнхий редактороор ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан юм. 


Тэрбээр төр, засгийн төлөөлөгчдийн албан ёсны айлчлал, олон улсын хурал, чуулга уулзалт, хэлэлцээ зэрэгт Монголын талын орчуулагч, сурвалжлагчаар олон удаа нэр төртэй оролцож байв.


Зохиолч, сэтгүүлч, орчуулагч, судлаач Ц.Сүрэнжав нь “Хөх тэнгэрийн боол”, “Цацлын есөн дусал”, “Торгуудын туужууд”, “Гэгээрэхүйн яруусал”, “Хөх тэнгэрийн орноор дүүлэхүй”, “Дэлхийн тайлагдаагүй нууцууд” нэвтэрхий толь, “Чингис хаан”, “Монгол-Ойрадын цаазын бичиг”, “Торгоны зам”, “Монголын нууц товчооны шинэ галиг, шинэчилсэн харгуулал”, “Ганц хүний дайн”, Л.Н.Гумилёвын “Каспийн эргэнд мянган жил”, “Хятад дахь Хүннү”, Мао Зэдуны “Улаан ном”, Дэн Сяопиний “Түүвэр зохиол” III боть зэрэг орчуулгын болон өөрийн бичиж туурвисан 70 гаруй номыг хэвлэлд бэлтгэж, 30 гаруйг нь хэвлэн олны хүртээл болгосон нэн хөдөлмөрч уран бүтээлч байлаа. 


Монгол Улсын төр, засгаас Ц.Сүрэнжавын хөдөлмөр зүтгэл, уран бүтээлчийн авьяас чадварыг өндрөөр үнэлж, 2014 онд Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр шагнасан юм.


Талийгаачийн эгэл даруу, хүнлэг нөхөрсөг зан чанар, элэгсэг дотно дүр төрх, бүтээн туурвихын үлгэр дуурайлал нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.


Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, 

Г.ДАМДИННЯМ, С.БЯМБАЦОГТ, Ш.АДЬШАА, Б.ПҮРЭВДОРЖ, 

Ч.НОМИН, Г.ПҮРЭВГАНДИ, Б.ДҮГЭРЖАВ

Related news