Үр тарианы ургац хураалтыг ангилан хадалтаар эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Намрын үр тарианы ургац хураалтыг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын үр тариа, тосны ургамлын ангилан хадалтаар эхлүүллээ.
Газар тариалангийн бүс нутгуудад энэ зун агаарт 37-39.5, хөрсөнд 65-69.6 градус хүрч, аагим халуун өдрүүд үргэлжлэн, хур тунадас бага, халалтаас үүдэлтэй зурваслан усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл таримал ургамлын өсөлтийг зогсоож, хөнөөлт организмын тархалтыг нэмэн, ургацад сөргөөр нөлөөллөө. Энэ шалтгаанаар үр тарианы механик болц өөрчлөгдсөн тул намхан тариа хураах технологи мөрдөж, хаягдал багатай хураахад анхаарч байгаа юм.
Манай улс энэ онд 300 мянга орчим га талбайд улаанбуудай, 31.3 мянган га талбайд бусад үр
тариа тариалжээ.
Хүнсний ногоо, хүлэмжийн тариалан эрхлэгчид ургацаа долоодугаар сарын сүүлээр хурааж эхэлжээ. Сэлэнгэ аймгийн Орхон суманд эрт ургацын төмс
хураалт, Зүүнбүрэн, Шаамар, Дархан-Уул аймгийн Орхон сумд ил талбайн өргөст
хэмх, бөөрөнхий сонгиноо хурааж эхэлжээ.
Багро үйлдвэр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд өргөст хэмх хүлээн авах, сортлох, цэг байгуулж ногоочдыг ургацаа
талбайгаас үйлдвэрт шууд борлуулах боломжоор хангаж байна. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хүлэмжийн
аж ахуй эрхлэгчид хоёр дахь хураалтаа дуусгаж, гурав дахь удаагийн тариалалтаа
эхлүүлжээ. Тэд сүүлийн
ургацаа 10 дугаар сард хурааж авахаар
төлөвлөжээ.
ХХААХҮЯ-ны ажлын
хэсэг хүнсний ногооны тариалалтыг баталгаажуулах, ургац хураалтын бэлтгэлтэй танилцах, 2026 оны тариалалтад
шаардагдах үрийн хянан баталгаа, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл,
хөтөлбөрийн хэрэгжилтийг хянахаар
тариалан бүхий аймаг, сумдад ажиллаж байна.