Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд одоогоор 17 байршлын 37 талбайд 32 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байна.
2013-2020 онд нийт 1899 айлын газрыг чөлөөлөн, 10287 айлын орон сууцыг ашиглалтад оруулж,
төсвийн хөрөнгө оруулалтаас гадна инженерийн шугам, сүлжээний ажилд 171.4
тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын төлөөлөл гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзлаа. Энэ үеэр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү нар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гурван талт гэрээний хэрэгжилт, барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар төсөл хэрэгжүүлэгчдийн санал, хүсэлтийг сонсов. Мөн дараах асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал,
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн орон сууцны борлуулалтыг дэмжих, иргэдийн орон сууц худалдан авах боломжийг нэмж, ипотекийн 6 хувийн хүүтэй зээлд хамруулах, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг дэмжиж, бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамруулах, ашиглалтын шаардлага хангаагүй барилгыг сэргээн засварлахдаа иргэдийг хохироохгүй шийдэх.
-Инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг шийдэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд барилгын зөвшөөрөл давхардуулж олгохгүй талаар холбогдох байгууллагад чиглэл өгөх, ерөнхий төлөвлөгөөний дагуу нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн барилга барих төсөв хөрөнгийг шийдүүлэх талаар ярилцав.
Түүнчлэн, төслийн сонгон шалгаруулалтад орж байгаа аж ахуйн нэгж байгууллагыг хянаж, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хуульд өөрчлөлт оруулах, хуулийг шинээр санаачлахаар ажлын хэсэг байгуулж байгаа тухай мэдээллээ.