ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүдтэй уулзлаа

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-05-06 13:45:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүдтэй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр уулзлаа.


Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар иргэд цар тахлаас сэргийлэхээр хөл хорио тогтоосон үед УИХ-ын гишүүдийн хийж буй жагсаал цуглааныг зогсоох хэрэгтэй гэсэн шаардлага тавьж буйг онцолсон юм. Мөн Улсын онцгой комисст хандаж, талбай дээр сууж буй гишүүдэд гэр, майхан олгох асуудлыг шийдвэрлэнэ гэлээ. Улмаар УИХ-ын гишүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар боллоо. Түүнчлэн иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж буй цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэх хэрэгтэй гэсэн юм.


Ташрамд дурдахад, АН-ын дарга асан С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, намын тамгыг УИХ-ын гишүүн Ц.Туваанд шилжүүлсэн юм. Удалгүй С.Эрдэнэ АН-ын дарга хэвээр байгаагаа илэрхийлж уг нам хоёр тал болж, тус тусдаа намын даргын сонгууль зохион байгуулж, М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг сонгосон. Улмаар М.Тулгат тэргүүтэй АН-аас С.Эрдэнийг, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр СЕХ-нд хандсан. Уг асуудлыг СЕХ судлан С.Эрдэнийн нэр дэвшүүлэх материалыг хүлээн аваад байгаа. Харин УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн АН-ын О.Цогтгэрэл тэргүүтэй талаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг СЕХ-нд бүртгүүлэхийг шаардаж энэ сарын 5-ны 17.00 цагаас Д.Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ.

Related news