Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2025 оны ажлын тайланг сонсов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-04-28 17:13:43

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг сонсов.


Тус зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан танилцуулгадаа, 2025 онд зөвлөл макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал, дүгнэлт боловсруулахаас гадна Монгол Улсын хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, төсвийн эрх зүйн орчны өөрчлөлттөд өөрсдийн саналыг өгөх, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой байр сууриа илэрхийлэх, холбогдох талуудад хүргүүлэх зэргээр бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.

 

Тайлант хугацаанд нийт 16 асуудлын хүрээнд дүгнэлт, зөвлөмж боловсруулсан бөгөөд үүнд 94 дүгнэлт, 26 зөвлөмжийг УИХ, Засгийн газарт хүргүүлснийг дурдаад, цаашид Монгол Улс улсын төсвийг төлөвлөх, хэлэлцүүлэх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үе шатуудад тодорхой ахиц гаргах, төсвийн сахилга бат, төлөвлөлтийн бодитой байдал, бодлогын уялдааг сайжруулах шаардлагатай.

 

Мөн төсвийн тогтвортой байдлыг хангуулах хуулийн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд УИХ, холбогдох талуудыг бодитой дүгнэлт, судалгаа шинжилгээ, мэдээллээр хангах ажлыг улам чанаржуулах зорилгоор өөрийн судалгаа, шинжилгээний чадавхийг хүний нөөц, макро эдийн засгийн судалгаа шинжилгээ, загварын чиглэлд олон улсын болон дотоодын хамтын ажиллагаагаа сайжруулахаар ажиллаж байна гэв.

Related news