Төрийн албаны зөвлөл өнгөрсөн онд 590 өргөдөл, гомдол хүлээн авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.
Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, төрийн жинхэнэ
албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт
шалгалтыг явуулахад ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, Төрийн албаны тухай
хууль болон албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангаагүй, түр орлон болон
сэлгэн, шилжин ажиллуулах журам зөрчсөн нийт 287 зөрчил илрүүлсэн байна.
Өнгөрсөн онд хөдөлмөрлөх зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар 590
өргөдөл, гомдол ирснээс 589-ийг шийдвэрлэсэн бөгөөд 145-д хугацаатай үүрэг
даалгавар өгч, захиргааны шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож
хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулсан байна.
Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг чанаржуулах, сайжруулах
зорилгоор яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын үйл
ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журамд "Чадахуйн зарчим"-ын
хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээг Төрийн албаны зөвлөл үнэлдэг байх талаар
Засгийн газарт хүсэлт гарган, тогтоол батлуулсан аж. Энэхүү хөндлөнгийн
үнэлгээг анх удаа 15 яам, 44 агентлаг, 22 аймаг, нийслэлийн ЗДТГ-ыг хамруулан
хийжээ. Үнэлгээгээр яамд 80.3, агентлаг 70.7, аймаг, нийслэлийн ЗДТГ 77.5
хувийн дундаж гүйцэтгэлтэй үнэлэгдсэн бөгөөд жил бүр тогтмол үнэлгээ хийдэг эрх
зүйн орчин бүрдүүлсэн нь үр дүнтэй ажил болж байна хэмээн Төрийн албаны
зөвлөлийн дарга танилцуулгадаа дурдсан.
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг 4 зохион байгуулж,
нийт шалгалтад орсон 11,029 иргэнээс тэнцсэн 4,547 иргэнийг төрийн жинхэнэ
албаны нөөцөд бүртгэжээ. 2024 онтой харьцуулахад бүртгэлд хамрагдсан иргэдийн
тоо 12 хувиар, шалгалтад оролцогчдын тоо 16.1 хувиар буурсан хэдий ч шалгалтад
тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн иргэдийн тоо 5 хувиар нэмэгдсэн байгаа нь иргэдийн
төрийн албанд ажиллах хүсэл сонирхол их байгаагийн илрэл юм гэж Төрийн албаны
зөвлөлийн дарга тодотгосон.
Тэрбээр цааш нь төрийн албаны судалгаа, шинжилгээ, төрийн
албан хаагчийн сургалт, төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл,
Зөвлөлийн үйл ажиллагаа болон Төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй
болгох саналаа танилцуулсан. Тэрхүү саналд Төрийн албаны тухай хуулийн
шинэчлэлийг эрчимжүүлэх, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны
чиглэлээр нэгдсэн зохицуулалт хийх, төрийн албаны хүний нөөцийн
үндэсний хөтөлбөрийг батлах, төрийн алба, албан хаагчтай холбоотой
хууль тогтоомж, бодлого шийдвэр гаргахад мэдээллийн нэг эх сурвалж, суурь бааз
нь Төрийн албаны зөвлөлийн мэдээллийн нэгдсэн сангийн систем байж, төрийн
албаны их өгөгдөл болгон ашигладаг байхыг хуульчлах талаар тусгасан байлаа.
Мөн Төрийн албаны хөдөлмөр эрхлэлтийн орчин нөхцөлийн
нэгдмэл бодлого хэрэгжүүлж, төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн
баталгааг сайжруулахтай холбогдох баримт бичгийн төслийг боловсруулж, 2026 оны
намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх, Төрийн албаны
хүний нөөцийг бэлтгэх, сургах, мэргэшүүлэх нэгдсэн бодлого, зорилтот
хөтөлбөрийн төслийг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон холбогдох
хууль тогтоомж, урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн боловсруулж 2026 оны
намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг чиглэл
болгосон.
Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхээр Төрийн албаны
зөвлөлөөс баталсан дүрэм, журмууд Төрийн албаны хуулийн зохицуулалт, үзэл
баримтлалаас давсан зохицуулалттай байгаад нэг бүрчлэн үнэлэлт өгч, хуулиас
давсан журмын зохицуулалтыг засах ажлыг нэн яаралтай хэрэгжүүлэхийг Төрийн
албаны зөвлөлд даалгасан бөгөөд 213,611 төрийн албан хаагчийн хууль ёсны ашиг
сонирхлыг хамгаалж ажиллах нь Төрийн албаны зөвлөлийн үндсэн чиг үүргийн нэг
байхаар Төрийн албаны хуулийн шинэчлэлд тусгахад анхаарахыг чиглэл болгов.
Тус байгууллагад төрийн албаны сургалтын чанар, хөтөлбөрийн
агуулга, үр дүнд анхаарч, сайжруулахад хамтран ажиллах, төрийн жинхэнэ албаны
шалгалтын агуулга, хэлбэрийг шинэчлэх, сонгон шалгаруулж томилох, ажлын
гүйцэтгэлийг нь үнэлэх, сургах, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг
шийдвэрлэх нэгдсэн арга зүйг боловсруулж, хэрэгжилтийг хангахад төрийн
байгууллагуудад мэргэшил, арга зүйн зөвлөгөө үзүүлэхийг даалгасан. Түүнчлэн
төрийн албаны хаагчийн ажлын байран дахь сэтгэл зүйн эрүүл мэнд, аюулгүй
байдлын стандартыг боловсруулж, батлуулах ажлыг 2027 онд багтаан зохион
байгуулахыг чиглэл болгов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах газраас мэдээллээ.