ТББХ: ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй.
Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар ЕТГ-ын дарга Ө.Шижир танилцуулсан.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Энхбаяр, Ж.Батсуурь нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийг батлаад 29 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд Цэцийн шийдвэрийг хэлэлцсэн УИХ-ын шийдвэрт анх удаа Ерөнхийлөгч хориг тавьж байгаа гэдгийг Д.Тогтохсүрэн гишүүн дурдаад “Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авсан эсэхээр эцсийн шийдвэр гардаг. Харин энэ тохиолдол буюу Цэцийн шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж буй нь хууль зөрчсөн үйлдэл гэж харагдаж байна. Зарим хуульч ч ингэж тайлбарлаж байгаа. Үндсэн хуулийн цэц нь УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрүүд Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянаж, шийдвэр гаргадаг. Тэгвэл өөрийнх нь шийдвэрт хяналт тавих байгууллагад хориг тавих уу гэдгийг анхаарах ёстой” гэлээ.
ЕТГ-ын дарга хариулт тайлбар өгөхдөө, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэхээр заасан байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгч Цэцийн шийдвэрт биш, харин УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан гэдгийг онцоллоо. Түүнчлэн Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын зөвлөх Я.Санжмятав холбогдох хариулт, тайлбарыг хэлсэн.
Ерөнхийлөгчийн дээрх хоригт хууль зүйн үндэслэл дурдагдаагүй, харин улс төрийн агуулга бүхий үндэслэл дурдсан байгааг Б.Энхбаяр гишүүн тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн холбогдох хэсгүүдийг онцлон дурдаж, тайлбар хийв. Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулах, дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, УИХ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэ нь эцсийн шийдвэр болох Үндсэн хуулийн зохицуулалттай, үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд иргэн бүр биелүүлэх үүрэгтэй болдог хэмээн тайлбарласан. Энэ удаагийн тохиолдол нь Үндсэн хуулийн, засаглал хоорондын эцэс төгсгөлгүй маргаан руу хөтлөх эрсдэлтэйг тэрбээр санууллаа. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Цэцийн шийдвэр нь ёс зүйгүй, процессын алдаатай байсныг УИХ хэлэлцэн, хүлээн авсан нь буруу гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үүнийг нягталж үзэх ганц боломж хэмээн үзсэн тул Ерөнхийлөгчийн хориг тавьсан гэв.
Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.
Иймд Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсгийг үндэслэн гаргаж буй уг тогтоолын төсөлд УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж, баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтэд, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд, өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүсийг дахин нэр дэвших эрхийг хязгаарласан заалт тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхээ эдэлсэн учраас одоо нэр дэвших боломжгүй гэсэн зохицуулалт тусгах шаардлагатай гэж цэцийн гишүүдийн дийлэнх үзжээ.