Ерөнхийлөгч Х.Баттулга шүүгчидтэй уулзана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ сарын 23-ны 11.00 цагт Улсын Дээд шүүхэд очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулахаар болжээ.
Энэ үеэр нотлох баримт, холбогдох бусад материалыг хүлээлгэн өгөх аж. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ сарын 19-нд захирамж, нийт ард түмэндээ хандан өнөөдөр илгээлт гарган “Монгол ардын намыг тараах” үндэслэлээ танилцуулсан.
Өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт улс төрийн намын бүртгэлийг хөтлөх нь Улсын Дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан тул Монгол ардын намыг тараах асуудлыг тус шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ард түмэндээ хандан гаргасан илгээлтдээ “Улс төрийн намыг бүртгэх, бүртгэлээс хасах, тараах шийдвэр гаргах нь Улсын Дээд шүүхэд харьяалуулсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаа, төрийн тэргүүн өөрийн үйл ажиллагааны хүрээнд тогтоож, нотлон хүргүүлж байгаа баримт, материалыг Улсын дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, шийдвэрлэнэ” гэдэгт найдаж байгаа гэсэн юм. Мөн Монгол ардын намыг тараах эсэх нь Улсын Дээд шүүхэд хуулиар хүлээлгэсэн үүрэг тул хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй хэмээв.