Худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэдийг мэдээлэл өгөхийг хүслээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт коронавирусний тохиолдол өнөөдөр гурваар нэмэгдэж 58 боллоо.
Түүнчлэн Олон улсын худалдааны төвийн лангуу түрээслэгч гурван иргэнээс халдвар илэрсэн. Тэгвэл 3-р сарын 15-ны өдрөөс хойш тус төвийн хүнсний ногооны тасаг, бэлэг дурсгал, хөнжил гудас худалдан борлуулдаг лангуугаар үйлчлүүлсэн иргэд 9940-1885, 8803-5272, 9902-0488 дугаарын утсаар холбогдохыг аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ.
Ингэснээр дам хавьтлыг хумих, шинжилгээнд хамруулах ажил хийх
аж. Одоогоор илэрч байгаа халдварын тохиолдлууд нь гэрийн болон ажиглан
тусгаарлах байранд буй иргэдээс гарч байгаа ч эрсдэлээ тооцоолон ажиллаж байгаа гэлээ.
Хариу арга хэмжээний
хүрээнд ОУХТ-ийн түрээслэгч 353 хүнээс PCR шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарсан. 4-р сарын 2-ны өдөр бүх түрээслэгчийг дахин PCR шинжилгээнд хамруулж, гарсан хариунд үндэслэн тус худалдааны төвийн үйл ажиллагааг нээх эсэх шийдвэрийг
аймгийн Онцгой комиссоос
гаргах ажээ.
Халдвар авсан иргэдийн дунд хүүхдүүд
байгаа бөгөөд ерөнхий боловсролын 15, 9, Од цогцолбор сургуулиудаас 2 сурагч, 1 багш хавьтал
болж халдвар авсан аж. Иймд халдвар авсан сурагчдын ангийнхан болон багш нарыг шинжилгээнд хамруулах,
тандалт судалгааг хийж байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавтлын
972 иргэдээс гэрийн ажиглалтад 760,
ажиглан тусгаарлах байранд 212 хүн байна. Гарч байгаа халдваруудын эх үүсвэрийг тандалт судалгаагаар бүрэн тогтоосныг өнөөдрийн Онцгой комиссын хуралдаанаар мэдээлсэн.
Тогтоогдсон 4 голомтын нэг нь Өвөрхангай аймгийн “Сэмжид-Хужирт” сувиллаас
үүсвэртэй бол Улаанбаатар хотоос 3-р сарын 1-ний өдрөөс хойш ирээд буцсан халдвартай
иргэнээс үүдэлтэй 3
голомт бүртгэгджээ.



