Л.Мэндбаяр: Зарим иргэн ах, дүү нарынхаа шинжилгээгээр нэвтрэх оролдлого хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ сарын 17-ны өдөр Өмнөдэлгэр сумыг дамжин өнгөрч буй иргэнээс коронавирус илэрч тухайн сум руу орох, гарах орох хөдөлгөөн хязгаарлан, аймаг, сумын Шуурхай штаб, хариу арга хэмжээ авах баг өнгөрсөн өдрүүдэд тус суманд ажилласан. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяраас тодрууллаа.
–Өмнөдэлгэр сум өнөөдөр хязгаарлалтын дэглэмээ цуцалжээ. Сэжигтэй тохиолдлын ойрын
хавьтлуудаас авсан PCR шинжилгээний хариу сөрөг гарсан
байна. Хэчнээн хүнээс шинжилгээ авсан бэ?
-Өмнөдэлгэр суманд гуравдугаар сарын 21-ний өдөр ойрын хавьтлын 7, дам хавьтлын 79 нийт 86
хүнээс PCR шинжилгээ авсан. Мөн тухайн үед Батноров сумаас тав, Хэрлэн
сумаас зургаан хүний шинжилгээг мөн хийсэн. Нийт шинжилгээ авсан иргэдээс
Өмнөдэлгэрийн нэг тохиолдол эерэг гарсан. Тиймээс тухайн иргэний PCR шинжилгээг хүүгийнх нь, мөн ойрын хавьтал болсон хоёр
иргэний шинжилгээний хамт нийт дөрвөн сорьцыг Улаанбаатар хот, ХӨСҮТ рүү хүргэсэн. Гуравдугаар сарын
22-ны өдрийн 21.50 цагт эдгээр дөрвөн иргэний шинжилгээ сөрөг гарсан.
Иргэн С-д эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй. Ийм учраас сумын Онцгой
комисст ойрын хавьталд байгаа иргэдийг гэрийн ажиглалт, тусгаарлалтыг долоо хоног үргэлжлүүлэх чиглэл хүргэсэн. Өмнөдэлгэр сумын Онцгой комисс өчигдөр
23.00 цагаас хязгаарлалтын дэглэмээ цуцалсан.
–Батноров
сум, Хэрлэн сумын иргэдээс мөн PCR шинжилгээ авчээ?
-Иргэдээс ирсэн санал
гомдлын дагуу шинжилгээ авсан. Тухайн иргэд PCR шинжилгээ өгөөд
Батноров суманд ирсэн байсан. Дахин авахад сөрөг гарсан. Мөн түүврийн
аргаар PCR шинжилгээ авч байна. Улаанбаатар хотоос зарим иргэн ах дүү
нарынхаа шинжилгээгээр, эсхүл хугацаа нь хэтэрчихсэн бичигтэй нэвтрэх
оролдлого хийж байгаад харамсаж байна. Харин манай Дэлүүн Болдогийн шалган
нэвтрүүлэх постод 24 цагаар ажиллаж байгаа 12 төрийн албан хаагч, хууль
хяналтын байгууллагууд олж тогтоогоод хуулийн хариуцлага хүлээлгэсэн. Хэнтий
аймаг ногоон бүс. Энэ байдлаа хадгалж, иргэдээ эрсдэлд оруулахгүйн
тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг төрийн албан хаагчид авч байна.
–Өмнөдэлгэр
сумын үйл ажиллагаа хэвийн горимд орсон гэсэн үг үү?
-Өнөөдөр өглөөнөөс
сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа хэвийн горимд орсон.
Хэдийгээр хэвийн үйл ажиллагаанд орсон ч гэсэн Өмнөдэлгэр сумын Онцгой
комиссоос хувийн ариун цэвэр, ариутгал халдваргүйтгэлийн дэглэм сахих, зай
барих, хөл хөдөлгөөнтэй газраар явахгүй байх, нус цэрээ ил задгай хаяхгүй
байх, зовуурьтай бол эрүүл мэндийн байгууллагад хандаж, үзүүлэх
зөвлөмж хүргэсэн.
–Улс
орны нөхцөл байдал амаргүй байна?
-Ковидын нөхцөл
байдал Монгол орон даяар хүнд байна. Шинээр батлагдсан тохиолдол
200-гаас дээш тоогоор нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан
тохиолдол 5392-д хүрлээ, зургаан аймагт цар тахал зөөвөрлөгдлөө. Улаанбаатар хот
маш эрсдэлтэй том голомт. Тийм учраас хэнээс ч халдвар илрэхийг байг
гэхгүй эрсдэлтэй бүс болсон байна. Хэнтий аймагт Улаанбаатар хотоос хүмүүс ирж
байна. Нийтдээ өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад байгаа 295 иргэн, үүнээс
Хэрлэн суманд 88 иргэн байна. "Ковид-19" цар тахалтай тэмцэх ажил ард
иргэдийн ухамсраас ихээхэн хамааралтай боллоо.
Хүн бүр голомттой
бүсээс зорчихдоо PCR шинжилгээ хийлгээд, өөрсдөө хувийн
хамгаалах хэрэгслээ базааж, хувийн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмээ
баримтлах ёстой. Ялангуяа ар гэрийн гачигдал, буяны ажилд оролцож
байгаа хүмүүс халдварын голомттой бүсээс ирж байна. Үүн дээр зовлон гачигдал
тохиолдсон ч гэсэн амны хаалтаа зүүж, гараа ариутгаж, зай барьж, дэглэмээ баримтлан,
бусдынхаа эрүүл мэндийг бодох, эрсдэл гаргахгүй байх үүрэгтэй.
–Манай
аймагт PCR шинжилгээний хэдэн урвалж байгаа вэ?
-PCR шинжилгээний
5000 урвалж байгаа. Нэг удаа 96 тохиолдолд хийдэг. Хоёр тохиолдолд хийгээд 50
удаа хийх урвалж үлдсэн. Шинжилгээний урвалж өндөр үнэтэй. Энэ 5000
урвалж 107 сая төгрөгийн өртөгтэй.
–Вакцин
хийлгэсэн орон нутгийн харьяалалтай хүмүүсийг PCR шинжилгээгүйгээр
нэвтрүүлэх үү?
-Үгүй. Эрүүл мэндийн
яамнаас урьдчилан сэргийлэх вакцины эхний тун хийлгэсэн хүмүүс хөдөө орон нутаг
руу нэвтрэхдээ PCR шинжилгээгүй постоор нэвтрэх гэж
хүндрэл учруулдаг. Урьдчилан сэргийлэх нэгдүгээр тунгаа хийлгээд халдвар
илэрсэн тохиолдол ХӨСҮТ-д бүртгэгдсэн. Тийм учраас нэгдүгээр
тунгаа хийлгэсэн иргэд заавал PCR шинжилгээ хийлгэж нэвтэрнэ
гэж ойлгох хэрэгтэй.
–Коронавирусний эсрэг вакцин аймагт хэзээ ирэх вэ?
-Эрүүл мэндийн яамнаас
аймгуудад хуваарилаагүй байна. Хуваарилсан үед бид вакцинаа зохих журмын
дагуу хийнэ. Сумын Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн
эмнэлгийн нийт 27 эмчид вакцины хоёр удаагийн сургалт хийсэн.