Сүхбаатарын Асгатад хурдан морины шүтээн Дамдин янсан бурхан заллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-06-07 21:41:34

Сүхбаатар аймгийн Асгат сумын "Зээрд адуу" морин спорт уяачдын холбоо, түүний тэргүүн Г. Батхолбоо, Асгат сумын уугуул Аймгийн алдарт уяач н.Даваа-Очир нарын санаачилгаар хурдан морины их шүтээн Дамдин Янсан бурханы хөшөөг Асгат суманд заллаа. Энэхүү Асгат суманд залсан Дамдин янсан бурхан нь Монголд 2 дахь удаагаа бүтээгдэж байгаа бурхан юм байна.

Асгат сум бол хурдтай, хурдны өлгий нутаг гэгддэг. Тэр ч утгаараа тус сумаас төрөн гарсан шилдэг хүлгүүдийн хөшөөг босгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, сумын наадмын талбайг шинэчлэх, уяачдын холбооны байрыг нээж, хурдан хүлгүүдийн дурсгалын музейн байрыг барих зэрэг хэд хэдэн томоохон ажлуудыг Асгат сумын Зээрд адуу МСУХ хийж гүйцэтгэсэн. Тус холбооныхны бас нэг томоохон ажил маань энэхүү морины шүтээн бурханаа залах явдал байлаа гэдгийг Асгат сумын Зээрд адуу МСУХ-ны тэргүүн Г.Батхолбоо хэллээ.

Хөшөөний нээлтийн арга хэмжээнд зориулж хурдан их насны морь уралдуулжээ. Нийт  80 гаруй хурдан хүлэг гарааны замд гарсанаас түрүү магнайд ААУ П. Мөнхжаргалын хээр, аман хүзүүнд Халзан сумын уяаач ААУ Адъяахүүгийн хүрэн, айргийн 3-т Асгат сумын уяач Цогтбаатарын шаргал, айргийн 4-т Халзан сумын уяач, ААУ Дуламсүрэнгийн Хонгор халзан, айргийн 5-д Асгат сумын уяач СУА, Ганзоргийн   хар тус тус хурдалжээ.

Дамдин Янсан бурхан нь мал адгуус, эд баялгийн арвижуулах, тэр дотроо адуу малыг арвижуулах бурхан юм. Түүнээс гадна байгаль дэлхий, уул ус унаган байгалиа  дээдлэн хайрлах монголчуудын зан үйлд тохирсон бурхан гэж үздэг. Дамдин Янсаны бурханы зүрхэн тарнийг Монголчууд хурдан хүлэг мориныхоо хийморь лундааг сэргээн баясгадаг марзай буюу гийнгоолохдоо аялгуулан дуулдаг ажээ.

Т. Одончимэг

 

 

Related news