Төсвийн төлөвлөлтийн шинэ мэдээллийн системийн талаар сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-07 10:02:22

Сангийн яам, Санхүү, төрийн сангийн хэлтэс хамтран улирагч долоо хоногт төсвийн төлөвлөлтийн шинэ мэдээллийн систем /BPIS/-ийн сургалтыг зохион явууллаа.

Сангийн яам тус системийг Канадын Фрийбаланс компанийн тусламжтайгаар 2009 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 4 дүгээр сараас эхлэн орон нутгуудад сургалт зохион байгуулж, орон нутгийн төсвийн сар, улирал, жилийн төлөвлөлт, гүйцэтгэлд ашиглаж эхлэхээр төлөвлөсөн байна.

Тус сургалтанд аймгийн төвийн төсвийн байгууллагын нягтлан бодогч, сумдын санхүүгийн албаны нийт 94 нягтлан бодогч, мэргэжилтнүүд хамрагдаж, өөрсдийн байгууллагын эрхээр системд нэвтрэх, батлагдсан төсөв, сарын хуваарийг оруулах практик дадлага, сургуулилалт болсноороо онцлог аж.

Төсвийн төлөвлөлтийн систем нь төсвийн төсөл бэлтгэх, боловсруулах, хянах, нэгтгэх, батлах, хуваарилах, сарын хуваарь хийх, батлах, санхүүжүүлэх, мэдээ, тайлан гаргах зэрэг төсвийн цаглабарын үйл ажиллагааг мэдээлийн цахим сүлжээ ашиглан онлайнаар шуурхай гүйцэтгэх, төсвийг нээлттэй, ил тод, олон нийтэд хүргэх үндсэн зорилготой юм.

Б.Мөнхзул

Related news